“Олонлог” сургууль онцгойров

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

“Олонлог” сургууль онцгойров

МУИС байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд Монголын математикийн 48 дахь олимпиад тавдугаар сарын 5, 6-нд боллоо. Энэ удаагийн тэмцээнд хот, хөдөөгийн бүсээс шалгарсан 359 сурагч, 60 орчим багш оюун ухаан, сэтгэлгээгээ сорьсон байна. Тус олимпиадад нийслэлийн болон 21 аймгийн сургуулиуд өрсөлдсөнөөс нийслэлийн баг тэргүүлсэн бөгөөд  “Олонлог” сургууль алт, мөнгө, хүрэл медаль тус тус гурав, нийт есөн медаль хүртэж, тэргүүлжээ. Харин I дунд сургууль зургаан медалийн эзэд болсон байна.

Математикийн хичээлийн сургалтаар улсдаа тэргүүлсэн “Олонлог” сургуулийн медальтнуудыг танилцуулбал:

Алтан медаль

  • Д.Бат-Од /11 дүгээр ангийн сурагч/
  • Ч.Золбоо /10 дугаар ангийн сурагч/
  • Б.Ганбилэг /дунд ангийн багш/

Мөнгөн медаль

  • А.Сүхбат /есдүгээр ангийн сурагч/
  • А.Сумъяабат /есдүгээр ангийн сурагч/
  • Б.Баяржаргал /дунд ангийн багш/

Хүрэл медаль

  • Б.Мөнх-Эрдэнэ /есдүгээр ангийн сурагч/
  • Г.Баяржавхлан /наймдугаар ангийн сурагч/
  • П.Чимэг /бага ангийн багш/

“Олонлог” сургуулийн математикийн багш  Б.Баяржаргал “Би 22 жил багшилж байна. Мөн 22 жил тасралтгүй улсын багш нарын математикийн олимпиадад оролцлоо. Энэ хугацаанд дөрвөн удаа аваргаар тодорч, гурван мөнгөн медаль хүртэж байв. Манай “Олонлог” сургууль энэ олимпиадад дөрөв дэх удаагаа түрүүлж байна. Энэ бол маш том амжилт. Аваргын зургаан алтан медалийн гурвыг нь авлаа. Энэ нь манай сурагч, багш нарын чадвар өндөр байгааг харуулж байна. Энэ олимпиадаас шалгарсан сурагчид ирэх долдугаар сард Аргентин улсад болох математикийн олимпиадад Монгол Улсыг төлөөлөн оролцох зургаан хүүхдийн тоонд орно гэдэгт итгэлтэй байна. Бэлтгэл байнга хийж байгаа. Ирэх хавраас манай сурагчдад  гадаадын олон сургуульд сургуулиа  төгсмөгц шууд элсэн орох боломж нээгдэж байгаа. Гэхдээ хэлний шалгалтуудаа амжилттай өгсөн байх шаардлагатай юм” хэмээн ярилаа.

Тус олимпиадад есдүгээр ангийн сурагчдаас хүрэл медаль хүртсэн Г.Баяржавхлан “Би нэгдүгээр ангиасаа “Олонлог” сургуульд суралцаж, олимпиадад тогтмол оролцож эхэлсэн. Мөн V ангиасаа математикийн олимпиадуудад амжилт гаргаж байгаа. Нийслэлд хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай. Бид өнгөрсөн нэгдүгээр сараас олимпиадад бэлтгэж эхэлсэн. БНСУ-ын Инчеон хотод болсон математикийн олимпиадад оролцож, манай сургууль багаараа мөнгөн медаль хүртсэн. Энэ олимпиад надад маш их урам зориг өглөө. Цаашид хичээх болно” гэлээ.

                                        Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж