Олимпийн эрх авсан тамирчид хаана, юу хийж явна?

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Олимпийн эрх авсан тамирчид хаана, юу хийж явна?

Олимпийн эрх авсан тамирчид хаана, юу хийж явна?

Бокс: Боксын төрөлд эрх авсан манай дөрвөн тамирчин Эрдэнэт хотод бэлтгэл хийж байсан. Тэд Д.Ганзориг, Э.Сайнбилэг, Ц.Амаржаргал нарын удирдлага дор ОХУ-ын Хабаровск хотод болох тэмцээнд оролцохоор өчигдөр хойш хөршийг зорилоо. П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт, Б.Түвшинбат нар Оросын боксчидтой тав хоног хамтарсан бэлтгэл хийнэ. Харин дараа нь Хабаровскийн тэмцээнд оролцох ажээ. Тэгвэл эмэгтэй боксчид өдгөө Хятадад ДАШТ-ийн бэлтгэлээ хийж байна. Тэмцээн өнөөдөр албан ёсоор эхлэх бөгөөд манай улсаас таван тамирчин зургаан тамирчин оролцох юм. Харин Азийн наадмын мөнгөн медальт Э.Ундрам ДАШТ-ийг бэртлийн улмаас өнжлөө. Түүнийг олимпийн эрх авах магадлалтай тамирчны тоонд багтааж байсан юм.


Чөлөөт бөх: Найман эрхтэй болж Бээжингийн амжилтаа ахиулсан тэд олимпийн эрх авах бүх тэмцээнээ дуусгасан. Харин одоо дотоод олимпдоо анхаарлаа хандуулж байна. Учир нь, олимпийн эрхийг тамирчинд биш улсад нь өгсөн болохоор гол жингүүддээ сорил явуулна гээд байгаа. Энэ сорил нь маргааш эхлэх Монголын бүх ард түмний спартикиад байх юм. Түрүүлсэн тамирчин Лондоныг зорино. Тиймээс эрх авсан тамирчинд өөрсдийн хөлс хүчээ гаргаж авсан олимпийн эрхээ зүгээр алдахгүйн тулд дахин хөдөлмөрлөх хэрэгтэй болох нь. Харин үүнээс өмнө чөлөөтийнхөн холбооныхоо удирдлагуудын хамт сэтгүүлчидтэй уулзахаар шийджээ.


Жүдо: Жүдочид тун нууцхан байна. Хэвлэлийнхнээс ч их жийрхэж байгаа бололтой. Азийн аваргаас медаль бөөндөж, олимпод оролцох тамирчдын нэрс тодорсон ч тэд чимээгүй байсан хэвээр. Аргагүй биз. Эрэгтэйчүүдийн амжилт үзүүлэх гол гурван жин тун асуудалтай байгаа. Хэнийг сонгох вэ гэсэн бяцхан сунгаа холбоон дотор нь явж эхэлсэн бололтой. Сураг сонсох нь ээ, эрэгтэйчүүдийн 66 кг болон -100 кг-ын жинд эх орноо төлөөлөн олимпийн жинд зодоглох тамирчин бараг л тодорхой болсон гэх юм билээ. Гэхдээ албан ёсоор тамирчдын нэрийг зарлах хүртэл Монголын жүдо бөхийн холбоо амаа хамхихаар төлөвлөж байна. Тэдний хувьд одоогоор ийш тийшээ явалгүй нийслэлдээ нам гүмхэн бэлтгэлээ хийж байгаа юм. Жүдочдын Бээжинд арвуулаа очиж байсан тоо энэ удаа нэгээр хорогдож ес боллоо. Албан ёсоор найман эрхтэй боловч олон улсын жүдо бөхийн холбооноос улс бүрт олгодог хишгийг хүртэх нь дамжиггүй. Гэхдээ эмэгтэйчүүдийн 57 кг уу, 70 кг уу гэдэг нь маргааш тодорхой болно.


Буудлага: Буудлагын шигшээ баг Бээжингийн олимпод гурван тамирчнаа илгээж байсан. Харин энэ удаа хоёр болж буурсан нь таагүй. Гэхдээ тэдний хувьд гарсан том дэвшил нь анх удаа эрэгтэй мэргэн бууч олимпийн галын шугамд зогсох болж байгаа юм. Олимпийн эрх авсан хоёр тамирчин дасгалжуулагчийнхаа хамтаар удаан хугацаагаа буурал тивд бэлтгэлээ базааж, тэмцээн уралдаанд оролцож байсан бол өдгөө эх орондоо ирсэн байгаа. Өнгөрсөн ням гаригт өндөрлөсөн буудлагын УАШТ-д онч сорьсон. Гэвч удахгүй эргээд л буурах тивийг зорино гэнэ лээ.


Хөнгөн атлетик: Олимпийн эрхээ нэгэнт аваад байгаа гавьяат тамирчин Б.Сэр-Од, олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаяр нар эх орондоо ирээд байгаа аж. Тэд нөгөөдөр эхлэх улсын аваргадаа оролцохын тулд ийн тал нутгаа зорьсон гэнэ. Одоогоор тус тусын бэлтгэлээ хийгээд завгүй байгаа юм билээ. Хэсэгтээ л эх орондоо байх зургадугаар сард Будант Албьоныг зорьж олимпийн бэлтгэлээ хангах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Марафон гүйлтийн төрлөөр Монголын гурав дахь эрхийг авахаар бас нэг тамирчин Гуулин улсад бэлтгэлээ хийж байгаа юм билээ. Уг тэмцээн энэ сарын дундуур болох сурагтай.


Байт харваа: Байтынхан эрх авсан цагаасаа хойш нэг ч удаа албан ёсоор мэдээлэл хийгээгүй. Дасгалжуулагч Ц.Бадамхатан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тамирчдынхаа байр байдлыг хальтхан танилцуулсныг эс тооцвол Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нар хэвлэл мэдээллээс аль болох холуур байхыг хичээж байна. Олимп хаяанд ирсэн болохоор арга ч үгүй биз. Тайланд, Хятад, Солонгост хоёр сарын бэлтгэл хийсэн байтын тамирчид өдгөө багийн төрлөөр олимпийн эрх авахаар өрсөлдөж байна. Хэрвээ санаснаа гүйцэлдүүлж чадвал монголчууд санасандаа хүрч 30 эрхтэй Лондоныг зорих ажээ.


Усанд сэлэлт: Хэдийгээр өндөр амжилт үзүүлэх магадлал багатай ч манайхны сонирхлыг татаж байгаа спортын төрөл бол усанд сэлэлт. Монгол Улс энэ удаа цагаан хуудсаар хоёр усчинаа Лондон руу илгээхээр болсон. Стандарт орчинд бэлтгэл хийж чадахгүй усан спортын тамирчид маань Буриадын Улаан-Үдийг зорьсоноос хойш хэсэг хугацаанд сураггүй байсан. Улаан-Үдэд манай тамирчид хамтарсан бэлтгэл хийхээс гадна олон хотын нээлттэй тэмцээнд оролцож медаль хүртээгүй ч өөрсдийнхөө амжилтыг давтсан байна. Тэгвэл өдгөө Казахстанд бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа аж. Усан спортын тамирчид энэ сарын 20-ныг хүртэл тус улсад бэлтгэл хийгээд эх орондоо ирнэ.

Эх сурвалж: "СПОРТЫН ШУУДАН" сонин
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж