Маргааш Зевс бурхнаас “гал хулгайлна”

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Маргааш Зевс бурхнаас “гал хулгайлна”

Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл, зуны олимпийн ХХХ наадмын нээлтийн үеэр бадамлах бамбарын галыг асаах ёслолын ажиллагаа маргааш болно. Энэхүү нэр хүндтэй ёслол уламжлал ёсоор Грекийн Олимпиа уулын хормойд, эртний олимпийн наадам болж байсан газар болох юм. Уг гал Олимп уулан дахь Хестиагийн сүмд мөнх бадамлан асч байдаг билээ. Ёслолын ажиллагаанд ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге, “Лондон-2012”-ын Зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Лорд Себастьян Коэ тэргүүтэй 5000 гаруй хүн оролцох юм.

Бамбарт буухианы үйл ажиллагаа өдгөө олимпийн наадмын салшгүй хэсэг, нэр хүндийн илэрхийлэл болжээ. Олон хоногийн турш, олон хүний гар дамжин явсаар олимпийн наадмын нээлтийн өдөр гол цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж, тусгайлан бэлтгэсэн тогоонд бадамлах нь оргил мөч байдаг. Орчин үеийн олимпийн анхдугаар наадам 1896 онд Грекийн Афин хотод болж, үүнээс 40 жилийн дараа бамбарт буухиа бий болсон. “Берлин-1936” зуны олимпийн XI наадмын Зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Карл Даймын санаачилснаар олимпийн өлгий нутаг Грек дэх Олимпиа уулнаас бамбарт буухиаг эхлүүлж, Германы нийслэлд авчирсан түүхтэй.

Зуны олимпийн ХХХ наадмын бамбарын буухиа тавдугаар сарын 10-нд эртний олимпийн өлгий нутгаас эхэлнэ. Буухиаг грек гаралтай Их Британийн усанд сэлэгч Спирос Гианитос эхлүүлэх бөгөөд Грекийн тал бамбарыг найм хоногийн турш 43 хот болон Крит арлыг дамжин 3000 орчим км зам аялуулсны эцэст тавдугаар сарын 17-нд Афин хотын цагаан гантиган “Панатинаикос” цэнгэлдэх хүрээлэнд Их Британийн Үндэсний олимпийн хороонд хүлээлгэн өгөх юм. Эртний Грекийн домогт уг галыг Прометей галын бурхан Зевсээс хулгайлан хүмүүст өгч, амьдрал бэлэглэсэн гэж гардаг. Үүнийг баяр болгон тэмдэглэж, олимпийг зохион байгуулдаг байжээ.

Д.НАНЖИД

“СПОРТЫН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж