Сэтгэл нь ч дулаахан Богд Хул

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Сэтгэл нь ч дулаахан Богд Хул

Монголын модернистууд гэхээр хамгийн түрүүн Ё.Далх-Очир хэмээх их үстэй зураач залуу санаанд орж ирэх. Хамгийн сайн бүтээлтэй нь юм уу, эсвэл бусдыгаа бодвол хөдөлгөөнтэй, хөөцөлдөлгөөтэй нь юм уу тэр л сэтгүүлчдийн хараанд өртөж байдаг. Үзэсгэлэн байнга гаргана, гадаад дандаа явна. Соросын сан, Урлагийн зөвлөлийн төсөлд хамрагдахаар илүү. Бүтээлүүд нь эхэндээ гаж ч юм шиг, эсвэл модернист гэхээрээ яаж л бол яаж туурвиж болдог гэсэн ойлголт төрүүлэхийг хичээгээд байгаа юм шиг санагддаг байв. 2000-аад онд эдүгээ төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, түүний гэр бүлийн хүн зураач, барималч Бат-Эрдэнэ нартай нэлээд хэдэн төсөл дээр хамтарч ажилласныг мэдэх юм. Хэн хэн нь этгээд юм шиг сэтгэдэг, хүлээлт бүхий уран бүтээл толилуулдгаараа дүрслэх урлаг сонирхогчдын анхааралд өртсөөр ирсэн. Яваандаа тэрбээр өөрийн санаачлан байгуулсан “Хөх нар” нийгэмлэгтээ харьяалагддаг зураачидтай хамтрах  болсныг ч анзаарсан. Тэднийхэн дор бүрнээ хүн гайхашруулам бүтээлүүдтэй. Тухайлбал зураач С.Ганзүг байна. Тэр хүний нүд ам дүрсэлж хайрсан гамбир, тарааж тавьсан элдэв биет зэргийг урлаг гэх үү, үгүй гэх үү гэсэн асуулт байнга дагадаг. Магадгүй хэт реалист үзэлтнүүдэд тэгж бодогддог байж болох юм. Тэрбээр нэгэн хамтран зүтгэгчтэйгээ Нидерландад тэрлэг хөөргөж бүсэлчихээд далайн эрэг, замын хажуу, сүмийн гадаа гэр барьж хэсэг зугаалсан. Энэ нь мөн л түүний урлаг. Нүүдэлчдийн соёл, гэр, мал, хөсөг тэрэг гээд монгол ахуйн бүрэлдэхүүн хэсгүүд тэр чигээрээ инстоляц буюу байршуулах урлагийн элементүүд аж. Нэгэн бодлын тийм л юм бол С.Ганзүг ба түүний уран бүтээлч андын тухайд тэгтлээ туурвиж бүтээгээд байсан нь үгүй юм биш үү. Бэлэн байгаа сууцаа галт тэргэнд ачиж аваачин бариад л орчин үеийн урлаг гэж байгаа юм бол гэсэн бодол ч төрөхөөр. Гэтэл энэ нь урлагаар барахгүй, орчин үеийн, дэлхийд ховор урлаг бөгөөд ийм соёл байдгийг харуулж, түгээхийг санаачилсан нь өөрөө урлаг гэх.

Энэ удаа Ё.Далх-Очир, өөрийн нийгэмлэгийн гишүүн зураач Б.Энхтуяатай хамтарч үзэсгэлэн гаргав. “Эртний өгүүлэмжийг nestle-гээр” хэмээх үзэсгэлэнд тун сонирхолтой бүтээлүүд дэлгэжээ. Модернист залуугийн өвөрмөц санаа сэдэлтэй бүтээл хэрхэн төрснийг сонирхож бодлогоширлоо. Үүний зэрэгцээ уран бүтээлийн тун онцлог хэллэгтэй Б.Энхтуяа гэж бүсгүй дүрслэх урлагийн талбарт өөрийн арга барилаар тодорч гарч ирэх нь дээ гэсэн бодол тээсээр гарсан юм.

Зураачид хоёул кофе, сүүгээр зургаа зурсан. Энхтуяа Түрэг, Уйгарын үеийн эмэгтэйчүүдийг өөрийнхөөрөө дүрслэн зурах дуртай бөгөөд энэ сэдвийн бүтээлээ дэлгэсэн байлаа. Бас бодьсатва зурдаг. “Төгс гэгээрсэн хүнийг бодьсатва гэдэг юм билээ. Тэгвэл бид ч гэсэн гэгээрэхийн төлөө  орчлонгийн учир шалтгаан, зүй тогтлыг мэдэхийн төлөө амьдарч буйгаараа бодьсатва нар юм гэсэн санааг дэвшүүлж байгаа юм” хэмээн бүтээлээ тайлбарлана. Анх удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж буй. “Хөх нар”-ын гишүүн болсноор аливааг өмнөхөөс өөрөөр хардаг, сэтгэдэг болсон гэж байлаа. “Nestle” кофег сүүтэй найруулж зурахдаа шууд л цаасан дээр бийрээр татаад эхлээгүй. Монгол зургийн грунт дээр зурсан зургуудаа томруулж хэвлээд дахиж цавуудаж байгаад дээрээс нь кофегоор зуржээ. Энэ аргыг холимог техник гэдэг байна. Өнөөдөр XXI зууны хүмүүс амьдралдаа юу хэрэглэж, юу юутай харьцаж байна гэдгийг гаргаж ирэх гэжээ. Мөн хоол хүнс өнөөдөр зөвхөн ходоод биш, оюуныг тэжээх хэрэгсэл болсон гэдгийг харуулах зорилго тавьжээ. Орчин үеийн контэмпорари арт чиглэлийн ийм бүтээлүүд нь уран зураг л гэхээр тосон будаг эсвэл элдэв тод өнгө гаргаж зурах ёстой гэсэн ойлголтыг дахин эвдэв. Ё.Далх-Очир зураач андынхаа уран бүтээлийг таашааж буйгаа илэрхийлж “Кофены өөрийнх нь өнгө бор хул дулаахан, монголчуудын эртнээс дуртай уламжлалт өнгө л дөө. Тийм болохоор ийм өнгөөр, ялангуяа бурхны сэдвээр зурахад их таашаал мэдэрнэ. Энд 10 гаруй бүтээл нь байгаа. Тоо нь цөөхөн ч орон зай эзлэх бүтээлүүд” гэж ярьж байлаа.

Харин Б.Энхтуяа болохоор “Далхаа 2010 онд кофегоор зурж бүтээл хийснийг харсан юм. Тэгээд хоёулаа хамтарвал яасан юм бэ” гэсэн санал дэвшүүлснээ хэлж байлаа. Залуусын зургуудыг үзэгчид нэлээд сонирхож, гадаадынхан бүр илүү эргэлджээ. Зарим нь худалдаж авахаа ч хэлж. Бүтээл нь үзэгчдийн сонирхолд нийцсэнд урамшсан зураачид Швейцарийн “Nestle” кофены үйлдвэрт БСШУЯ-аар дамжуулж хандан, тус улсад үзэсгэлэнгээ гаргах талаар хүсэлт тавихаар төлөвлөснөө ч хэлсэн.

Ё.Далх-Очирын хадны сүг зургийн стилийн бүтээлүүд бас их сонирхолтой. Сэдэв эртнийх ч арга барил орчин үеийн холимог техниктэй. “Эзэнгүй мессеж”,  “Аялан зорчигчид”, “Гайхам цочром мэдээ” зэрэг кофены бүтээлээрээ хүмүүс бид өнөөдөр их олон мэдээлэл хүлээж авч байгаагаараа оюун ухаан, байгалиасаа холдоод байгаа юм биш биз гэсэн санаа дэвшүүлж буй юм билээ. Тэрбээр “Бид зоригтой зурдаг. Муухай болгочих болов уу гэх зэргээр санаа зовдоггүй. Тухайн тэр агшинд юу орж ирнэ, түүнийг зурдаг” гэсэн.

Ийм хоёр сонирхолтой уран бүтээлчийн зургуудтай танилцах зуур яагаад ч юм модернист уран бүтээлчид өөртөө итгэлтэй, үнэнч, тэмүүлэлтэй байдгаараа тухайлбал бялдуучид, бэртэгчдээс ялгаатай байдаг бололтой хэмээн бодогдсон. Залуусын илэн далангүй чин сэтгэлээсээ ярьж байгаа, хүсэл мөрөөдөл, ирээдүйн төлөвлөгөөгөө ч тун удахгүй биелэх мэтээр өөдрөгөөр ярьж сэтгэх нь ёстой л нэг эрх чөлөө “ханхлуулам”. Тэдний сэтгэл ч тэрхүү кофены өнгө лугаа зөөлхөн, дулаахан бор хул ажгуу.

Тиймд нь ч болсон уу, Б.Энхтуяагийн кофегоор зурсан бодьсатваг “Говь”компанийн дизайнер С.Ариунаа эмэгтэй хүний хүзүүний ороолт дээр урласан байв. Одоогоор ердөө ганц хувь энэ бүтээл цаашид өсч үржин уран бүтээлчид сэтгэлийн эрч хүч, хөлс мөнгө болж ирэх ч юм билүү.

Р.Оюунаа
“ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж