Сурагчдын цүнх 2-5 кг жинтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Сурагчдын цүнх 2-5 кг жинтэй байна

Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй зургаан настнууд өөрөөсөө том цүнх үүрдэг тухай эцэг, эхчүүд үргэлж гомдоллодог.

Бага насны хүүхэд тогтмол хүнд зүйл өргөж явах нь эрүүл мэнд болон өсөлтөд сөргөөр нөлөөлдөг гэж эмч нар хүртэл ярьдаг. Тиймээс эцэг, эхчүүд, багш нарт зориулсан зөвлөмжийг багш нарын бага хурлаар гаргасан билээ.

Энэ талаар Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Ц.Чимэдлхамаас тодрууллаа.

-Сурагчдын цүнхний стандарт жинг тогтоосон гэж дуулсан. Энэ тухай та товчхон мэдээлэл өгөөч?

-Нэгдүгээр ангийн нэг сурагчийн монгол хэл, математикийн сурах бичиг, бэлтгэл хөтөлбөр, хүн орчин, дүрслэх урлаг, технологи, хөгжмийн хичээлийн дасгал, ажлын дэвтрийн нийт жин 1325 грамм байдаг.

Мөн өдөр тутмын хичээлд байнга хэрэглэдэг үзэг харандаа, дэвтэр гэх мэт хэрэгслийн дундаж жин 2730 грамм байдаг. Сурагчид эдгээр хэрэгслээс гадна тоо тоололд ашиглах ууттай шагай, савх, шоо нэмэгдсэнээр цүнхний хүндийн жин ойролцоогоор таван кг байх үндэслэлтэй байгаа юм.

-Гадаадад хүүхдийн цүнхний жин нь тэдний биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй гэсэн заалт байдаг. Манай улсын хувьд цүнхний жин таван кг орчим байгаа нь хэтэрсэн үзүүлэлт биш үү?

-Манай улсын судлаачид зургаан настай эрэгтэй хүүхдийн биеийн жин дунджаар 19,2кг, эмэгтэй хүүхдийнх 18.8 кг байдгийг тогтоосон.

Гадаадын зарим оронд тийм заалт байдаг. Цүнхний жин биеийнх нь жингийн 10 хувиас хэтрэхгүй гэж үзвэл монгол хүүхдийн цүнхний жин хоёр кг-аас хэтрэхгүй байх ёстой гэсэн үг. Тиймээс сурагчид тухайн өдрийнхөө л хичээлийн хэрэгслийг авч явах нь зохимжтой.

-Өөрөөсөө том цүнх үүрэх нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлтөд сөргөөр нөлөөлдөг тухай мэргэжлийн хүмүүс хэлдэг. Эцэг, эх, багш нарт зориулсан зөвлөмж гаргасан гэсэн. Энэ тухай?

-Ийм байдал үүсч болзошгүй учир багш нарын бага хурлаар бага ангийн сургалтын менежер, багш нарт зориулсан чиглэл, зөвлөмж гаргасан.

Өөрөөр хэлбэл, нэгдүгээр ангид үзэх ёстой албан ёсны сурах бичгээс гадна Боловсролын яамнаас хүлээн зөвшөөрөөгүй нэмэлт гарын авлагыг өдөр бүр хэрэглэхийг зогсоох хэрэгтэй. Мөн багш нар хүүхдийнхээ цүнхийг биед нь тохируулан сонгож, хичээлийн хэрэгслийг нь зөв зохион байгуулах, цүнхээ зөв үүрэхэд нь туслах ёстой.

Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ сургуульд нь хүргэж ирэх болон авахдаа цүнхийг тээж явах зэрэг зөвлөмж гаргасан. Үүнээс гадна сургалтын явцад өдер тутам ангидаа хэрэглэдэг цүнхэндээ байнга авч явах шаардлагагүй сургалтын нэмэлт материалуудыг ангид нь байршуулан хэрэглэх зохион байгуулалт хийх зэргээр дээрх асуудлыг шийдэх боломжтой юм.

Б.Заяа

Зохиогчийн эрх: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж