Хатагтай Аун Сан Сүү Күй сүүлийн 20 жил гэрийн хорионд улс төрийн хоригдол маягаар байсан билээ. Харин түүний удирддаг Ардчиллын төлөөх үндэсний холбоо нам өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон сонгуульд ялалт байгуулж, парламентад суудалтай болсон юм.
Одоо Аун Сан Сүү Күй ирэх зургадугаар сард Норвеги улсад очиж, 1991 онд авах байсан Нобелийн энх тайвны шагналыг гардан авахаар төлөвлөж байна. Мөн тэрбээр өөрийн нөхөр хөвгүүдийн хамт олон жил амьдарсан Их Британид очих бодолтой байгаа юм. Аун Сан Сүү Күйгийн нөхөр 1999 онд нас барсан бөгөөд хөвгүүдтэйгээ харилцаагаа багасгасан билээ. Учир нь Аун Сан Сүү Күй Бирмээс гадагшаа явбал түүнийг буцаан оруулахгүй гэж айж байсан юм.
Харин одоо тэр гадаад руу чөлөөтэй аялж болох талаар Бирмийн Засгийн газрын ажилтан Agence France-Presse агентлагт хэлсэн аж. Түүнчлэн Аун Сан Сүү Күй НҮБ-ын Нью-Йорк хотод байдаг төв байранд уригдаад байгаа юм.