Жүдочдын сагсны баг хамгийн хүчирхэг нь үү?

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Жүдочдын сагсны баг хамгийн хүчирхэг нь үү?

Монголын үндэсний олимпийн хороо, сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс хамтран зохион байгуулж буй спорт холбоодын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн цомын төлөөх тэмцээн ирэх мягмар гаригт Спортын төв ордонд эхэлнэ. Тэмцээнд оролцох багуудын Техникийн зөвлөгөөн маргааш 14.00 цагаас Спортын төв ордонд болох аж. Харин тэмцээн мягмар гаригийн өглөө эхлэх бөгөөд нээлтийн ажиллагаа энэ өдрийн 15.00 цагт болох юм байна. Хоёр өдөр үргэлжлэх тэмцээнд оролцохоор одоогийн байдлаар спортын 30 гаруй холбоод мэдүүлгээ өгөөд байна.
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатараар ахлуулсан жүдо бөхийн холбооны баг тамирчид бэлтгэл сайтай байгаа гэнэ. Жүдочдын багт улсын арслан, ОУХМ До.Ганхуяг багтсан нь бусад багийг багагүй сандаргаж байгаа бололтой. Өнгөрсөн жилийн аварга чөлөөт бөхийн шигшээ багийнхан ч энэ удаа аваргын цомоо хамгаалахын тулд ойрын өдрүүдэд сагсан бөмбөгт нэлээд цаг зав зарцуулж байгаа гэв.
Ямартай ч Монголын спортын бүхий л төрлийн шилдэг тамирчдыг сагсан бөмбөгийн талбайд уулзуулдаг тэмцээн тун сонирхолтой болох нь гарцаагүй юм. “Мөнгөн цагариг” клубээс санаачлан хоёр дахь жилдээ явуулж буй тус тэмцээнд өнгөрсөн жил Монголын чөлөөт бөхийн холбооны эрэгтэй, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны эмэгтэй баг тамирчид түрүүлж байсан юм. Энэ жилийн хувьд МҮОХ сагсан бөмбөгийн тэмцээнийг хамтран зохион байгуулах тул илүүөргөн цар хүрээтэй болно гэдгийг Зохион байгуулагчид онцолж байна.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Эм-Си-Эс, Юнител компаниуд хамтран ажиллаж, спорт холбоод, тамирчдыг дэмжиж байгаа аж. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 96968474 дугаараас лавлана уу.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж