“Fire” хамтлагийн дуучин Д.Даваадалайтай ярилцлаа.
-Уран бүтээлийн сонин сайхан юу байна даа, танай хамтлагийнхнаар?
-Шинэ цомгийнхоо ажилд орчихоод явж
байгаа. Ерөнхийдөө завгүй талдаа л байна. Цомгийн ажил 70-80 хувьтай
яваа. Ганц, хоёр дууны үг бэлэн болдоггүй ээ. Хөгжмөө биччихсэн мөртлөө
шүлэг байдаггүй. Манайхан “на, на, на” гээд их л гоё хөгжим аялсан
хүмүүс яваад л байна, үг байдаггүй. /инээв/
-Хэдхэн хоногийн өмнө “UBS Music Video Awards-2008” боллоо. Таалагдсан уу?
-Яахав ээ, дажгүй. Манайх хоосонгүй
байлаа. “Хүлээлт” дууны маань клипийг хийсэн “Hero intertainment”-ын
захирал Б.Баатар шилдэг зураачийн шагнал авсан. Дууны маань бичлэг
гараад жил арай болоогүй байгаа юм байна. Харин клиптэй болсноос хойш
5-6 сар болсон байна.
-Клипний
дундуур “Ми-8” нисдэг тэрэг гардаг. Онгоцны ослоор амь үрэгдсэн
хүмүүсийн дурсгалд зориулсан гэж яриад байсан. Тэр үнэн үү?
-Үгүй л дээ. Яг ч тийм зорилго байгаагүй. Найруулагчийн санаа байсан. Тиймэрхүү зураг оруулъя гэсэн.
-”Хүлээлт-ийн үг, аяыг хэн хийсэн юм бэ?
-н.Төмөрхүү гэж манай нэг найз.
Одоо Солонгост ажиллаж, амьдарч байна. Нэлээн дээр зохиосон дуу л даа.
Бид нар сүүлд шинэчилж дуулсан юм.
-”Хүлээлт”-ийг рок, альтернатив хамтлаг, дуучдын шилдэг клип болох байх гэж бодож байсан хүн цөөнгүй байсан?
-Уг нь нэр дэвшсэн л дээ. Хүмүүс
маш их дэмжээд байхаар нь бараг авчихлаа л гэж бодоод суудлаасаа босох
гэтэл аваагүй байлаа /инээв/. Тэр номинацид “Nomads” хамтлагийн
“Evilitin” дуу шалгарсан.
-Танай хамтлаг анх “Харанхуй” гэж нэртэй байсан. Тэгэхэд та өөрөө байсан уу?
-Манай хамтлагийн ахлагч
Б.Эрдэнэчулуун, “А-Соунд”-ын гитарчин Адка, Мөнхболд гэж залуучууд анх
“Харанхуй” хамтлагийг байгуулж байсан. Би ч байгуулалцсан хүн нь биш л
дээ. Байгуулагдсан хойно нь ирсэн хүн байгаа юм. Анх гитар зарах гэж
нэг их наймаачин хүн тэд нар очоод, гайгүй дуулдаг санагдсан юм болов
уу, манайхан хамтлагтаа орохыг санал болгож байлаа. Тэр үе чинь 2000 он
юм байна. Тэгээд Адка маань “А-Соунд” хамтлагт очоод, манай Очки,
Билгээ хоёр орж ирээд “Fire” хамтлаг байгуулагдсан.
-СУИС төгссөн байх аа, яг ямар мэргэжлээр төгссөн бэ?
-Гитар хөгжмийн анги.
-Хамтлагт орохоосоо өмнө дуулдаг байсан уу?
-Бүр багадаа дуулдаг байсан. Дараа
нь гитар хөгжим гоё санагдаад СУИС-ийн гитарын ангид орсон. Тэр үедээ
бол гитараа л сонирхдог байлаа. Одоо бол гитараа дараад, дуугаа
дуулаад, хослуулаад л явж байна.
-Анх ямар дуу дуулж байв?
-”Fire” хамтлагийн хувьд бол “Би,
чи” гэж дуу байгаа. “Араншин” гэж манай хамтлагийн анхны цомогт орж
байсан дуу. Тэгээд “Ойлгооч”, “Мөрөөдлийн бүсгүй”, “Бороо” гээд дуунууд
байна даа.
-”Бороо” дуу чинь нэг хэсэг хит болсон байх шүү?
-Манай “Бороо”-г одоо ч гэсэн
хүмүүс сонирхдог хэвээрээ байх аа. Хүмүүс чинь тайзан дээр гарахаар
“Бороо, бороо” л гээд байдаг шүү дээ.
-Танай хамтлаг одоо дөрвөн гишүүнтэй байна уу?
-Яг тоглож байгаа нь дөрөв л дөө.
Уг нь тавуулаа. Манай техникийн албаны “нарийн бичгийн дарга” /инээв/
н.Алтангадас гэж залуу байна.
-Ер нь хэчнээн дуу дуулсан бэ?
-20-иод дуу байгаа байх. Амьд
хөгжмийн хамтлагууд сайн дуу хийхийн тулд бусдаасаа арай илүү
хөдөлмөр, цаг хугацаа гаргадаг юм шиг байна. Боломжоороо уран бүтээлээ
хийж л байна.
-Та нэг ярилцлагадаа “XX зууны сонгодог урлаг болсон рок хөгжимдөө хайртай” гэж хэлсэн байсан. Тэр үг их таалагдсан шүү?
-Би ч бас хэлээгүй юм аа. Тийм үг
байдаг юм. Их гоё үг байгаа биз. Ер нь тэгээд рок хөгжмийг дэлхийн хүн
амын тал хувь нь сонсдог гээд бодохоор агуу урлаг биз дээ, яаж ч бодсон.
-Гэхдээ та рок хамтлагийн дуучин гэхэд нэлээд даруухан юм. Хувь хүн талаасаа, эсвэл стиль имидж талаасаа ч тэр. Санал нийлэх үү?
-/Инээв/. Би ч тэгээд ер нь энгийн байх дуртай хүн дээ. Даруухан талдаа.
-Хэдэн онд сургуулиа төгссөн бэ?
-2004 онд СУИС төгссөн. Би чинь
долоон настайдаа сургуульд ороод, дунд нь гурваасаа тавдугаар анги руу
гаа үсрээд, 16 ч хүрээгүй байхдаа их сургуульд орж байлаа.
-Танай ангийнхан гэж ямар хүмүүс байна, гитарын ангийнхан чинь?
-Аа, одоо ангиараа л сууж байна.
-Хаана, энэ өрөөнд үү?
-Тийм.
-Хэн, хамтлагийнхан чинь хамт их сургуульд сурч байсан гэж үү?
-Үгүй ээ. Би ганцаараа л төгссөн байхгүй юу даа.
-Тийм үү?
-Ер нь СУИС-ийн нэг анги гэвэл
цөөхүүлээ байдаг. Хуучирынхан гэхэд дөрөв, таван хүн байдаг ч юм уу.
Хамгийн олон оюутантай нь драмынхан, дууны ангийнхан л байдаг байх. Би
яг гитар хөгжмийн ангидаа ганцаараа байсан. Тийм болохоор манай
сургуулийнхан намайг шоолно оо. Би драмын ангийнхантай их найз. Тэд нар
тоглоом хийгээд л, гитарын ангийнхан ангиараа явж байна, ангиараа “OO”
орчих юм аа гэнэ. Ангийн дарга чинь чи юу, мантажаа яаж хийх гэж байна,
зугаалганд ангиараа явна биз дээ гээд баахан шоолдог байлаа.
-Тэгээд хонхны баяраараа яасан?
-Ерөнхийдөө хөгжмийн ангийнхан
нийлж, нэг багшид харьяалагддаг байсан. Морин хуур, шанзынхан гэдэг ч
юм уу, бүгдээрээ нийлээд. Тэд нартайгаа тэмдэглэсэн. Ангийн багш маань
хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг багш байсан. Багшдаа их баярлаж явдаг даа.
Мэргэжлийн багш болохоор “Баянмонгол” чуулгын Б.Ганбат багш.
-Та гитарчин
хүн учир асууя гэж бодож байна. Монголын “номер-1” гитарчин таны
бодлоор хэн бэ. Өөжгий юу, эсвэл “Хурд”-д байна уу?
-Өөжгий ах ч мундаг л даа. Дэндүү
сайн техник эзэмшсэн, угаасаа аймаар. Гэхдээ миний бодлоор хамгийн
шилдэг гэж боддог гитарчин гэвэл “Харанга”-ын Ц.Энхманлай ах. Би чинь
хар багаасаа “Харанга”-ын улаан фен байлаа. Сая Чука ахын /хөгжмийн
зохиолч Ч.Чулуунбатыг хэлэв/ тоглолтон дээр манай хамтлаг Манлай ахтай
хамтарч дуулсан. Лхагваа ахын дуулдаг “Манан” гэж дууг дуулсан.
Эх нутаа санан зүүдэллээ,
Энгүй тансаг уулсаа зүүдэллээ гээд, аймаар дуу шүү дээ, бурхан минь.
-”Харанга”-ын Лхагваа гэснээс түүн шиг дандаа дээд өнгөөр дуулдаг дуучин ховор байх шүү?
-Тэгэлгүй яахав. Монголд тэгж
дээшээ дуугардаг хоолойтой дуучин ховор гэдэг. Тэр үнэн байх аа.
Лхагваа ах маань ямар ч байсан уран бүтээлээ хийж байгаа. Удахгүй шинэ
цомог гаргана гэсэн. Ганц, хоёр дуу нь бичигдсэн байсан. Тэрийг нь
сонссон. Үнэн гоё дуунууд байна лээ. Хар бичлэг нь л дээ. Гэхдээ бусад
нь нууц. Удахгүй хүмүүст хүрэх байх.
-Шүтдэг дуучинтайгаа хэр адилхан дуулсан гэж бодож байна?
-Боломжоороо л дуулсан. Яг Лхагваа
ах шиг дуулна гэж байхгүй л дээ. Гэхдээ Чука ах тоглолтын өмнө утасдаад
“Чамайг Лхагваа ахтайгаа төстэй хоолойтой болохоор “Манан”-г дуулуулах
гэсэн юм” гэж ярихад нь баярлаж л байлаа. Бөөн баяр. Өөрийгөө магтсан
юм болчих вий.
-Бие даасан тоглолтоо хэзээ хийх вэ?
-Ер нь яг томоохон хэмжээний тоглолт хийгээгүй байгаа л даа.
-Ерөөсөө юу?
-Тийм. Одоо л хийх цаг нь болсон байх. Энэ өвөл тоглолтоо хийх талаар ярилцаж байгаа. Ер нь бол тоглоно.
-Далай хэдэн онд төрсөн бэ?
-82 онд.
-Одоо хаана, хаана дуулж байна, шөнийн клубт?
-Ганц, хоёр гэрээтэй газраа дуулж байгаа. Гэхдээ удахгүй энд, тэнд дуулахаа больдог юм билүү гэж бодоод байгаа.
-Яагаад. Харин хүмүүс та нарыг сонсмоор санагдвал клубт очоод сонсчихно, зүгээр юм биш үү?
-Харин л дээ.
-Танай хамтлагийн фен клуб гэж бий юу?
-Ээ, тийм айхтар фен клуб энэ тэр гэж байхгүй ээ. Гэхдээ сонсдог хүмүүс бол байгаа, байгаа.
-Эхнэртэй юу?
-Үгүй.
-Тэгвэл найз охинтой биз дээ?
-Нууц. /инээв/
-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач. Хаана төрсөн бэ?
-За, би чинь нэг аавтай, нэг ээжтэй /инээв/. Нэг ах, гурван эгчтэй. Айлын бага. Хотод төрөөд Дарханд өссөн.
-Эрх үү?
-Багад эрхийн балай л гэдэг байсан
санагдаж байна. Хошуугаа унжуулаад л уйлаад явдаг хүүхэд байсан гэнэ
лээ. Одоо ээжтэйгээ, ахтайгаа амьдардаг. Гурван эгчийн маань хоёр нь
Дарханд, нэг нь Эрдэнэтэд амьдардаг.
-Монголын хамтлаг, дуучдаас хэнийг сонсдог вэ?
-Ихэвчлэн амьд хөгжмийн хамтлагуудаа сонсоно. Эгшиглэнг бас сонсоно, гоё дуулдаг.
-Эгшиглэн гэснээс Д.Агиймаа гэж шинэ дуучин олны анхаарлыг татаж байх шиг байна, дууг нь сонссон уу?
-Сайн сонсч амжаагүй.
-”lonely night” гэж дуу нь хит болоод байгаа юм биш үү?
-Аан тийм, тийм. Гэхдээ би тийм диско энэ тэрт тааруу. Манай соль, басс хоёр харин дисконд дуртай байх шүү /инээв/.
-Ирээдүйн амьдралаа хэрхэн төсөөлдөг вэ?
-Өө сайхан, сайхан.
-Хувийн хөгжмийн студи, олон давхар хаус, үнэтэй машин мөрөөддөггүй гэж үү?
-Үгүй ээ. Өөрийнхөө хүч,
хөдөлмөрөөр дутагдаж, гачигдах зүйлгүй сайхан амьдарч л байвал болох
байх. Элдэв үнэтэй машин ч юм уу, тансаг харш мөрөөддөггүй. Яахав,
олдвол болно л биз.
-Одоо ер нь олсон мөнгөө юунд зарцуулдаг вэ?
-Уран бүтээлдээ тодорхой хувийг нь зарцуулна. Ихэнхийг нь амьдрал, гэр бүлдээ зарцуулна.
-Мөнгө хуримтлуулдаг уу?
-Сүртэй хураасан юм байхгүй ээ. Тодорхой хэмжээний юм байгаа.
-Та нарын гитар, хөгжим ямар үнэтэй вэ?
-Манай хөгжим, техник “Тотал
музык”-ын “Ямаха” брэндийнх. Бөмбөр, гитар ялгаагүй. Басс гитарчин
маань 1100 ам.долларын үнэтэй гитар барьж байна, минийх 700 гаруй
ам.долларын үнэтэй “Ямаха” байна. Яахав, боломжийн дундаж үнэтэй
гитарууд. Ямар ч байсан тайзан дээр гараад тоглочихно.
-Рок хөгжим, гитар, урлагаас өөр юу сонирхдог вэ?
-Спорт их сонирхдог. Хөлбөмбөг үзэх
дуртай. Их үзнэ. Усан спорт сонирхдог. Багадаа Хараа голын эрэг дээр
өссөн. Хараа голын хар Далай гэж хочтой байлаа /инээв/.
-За, илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлд чинь амжилт хүсье.
Б.БАДМАА/2008 оны 10 сарын 14/