Лигийн финалд “Хүлгүүд” vs “Буллс”

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Лигийн финалд “Хүлгүүд” vs “Буллс”

Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн 17 дахь удаагийн улирлын тэмцээн шувтрах шатандаа орж байна. Плей-оффын эхний шат өндөрлөлөө. Лигийн хамгийн олон удаагийн аварга хоёр багийн дуэль сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж байсан. Аваргын төлөө “Баянзүрх буллс”-тэй “Харцага” тоглох уу, “Хүлгүүд” үү гэдгийн хариу уржигдар гарлаа. Цувралыг 2:2-оор тэнцүүлээд байсан өнгөрсөн жилийн аваргуудад энэ удаа аз дутав. Дөрвөн үеийн турш эн тэнцүүхэн өрсөлдсөн аваргуудын дуэльд энэ удаа “Хүлгүүд” 65:72-оор буулган авснаар финалд үлдлээ. Шийдвэрлэх тоглолтод Ш.Сэдбазар,Т.Санчир нар алдаагаа засч гайхалтай тоглож, “Харцага”-уудыг буулган авхад голлох үүрэг гүйцэтгэсэн. “Хүлгүүд” тоглолтын эхнээс санаачлагыг гартаа авсан бөгөөд хоёрдугаар үе тэдний давуу тоглолтоор өндөрлөсөн. Харин гурав, дөрөвдүгээр үед “Харцага” тооны харьцааг ойртуулах оролдлого хийсэн ч “Хүлгүүд” барьц алдсангүй. Ийнхүү “Хүлгүүд” сүүлийн таван жилд дөрөв дэх удаагаа финалд шалгарч үлдлээ. “Энэ нь багийн зохион байгуулал, тоглогчдын сэтгэлзүй сайн байгааг харууллаа” гэж сагсан бөмбөг сонирхогчид болон мэргэжилтнүүд дүгнэж байна. Өнөөдөр аваргын төлөө шалгарч үлдсэн “Хасын Хүлгүүд”, “Баянзүрх Буллс” багуудын эхний тоглолт болно. Мөн хүрэл медалийн төлөө “Харцага” vs “Офицер”-ын эсрэг талбайд гарах юм.

Тоглолтын дараа “Хасын Хүлгүүд” багийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогттой цөөн хором ярилцлаа.

О.Баярцогт: Бид нэг баг болж чадсан


-Тун гайхалтай тоглолоо. Өмнө нь нэлээд хэдэн онооны зөрүүтэй хожигдсон. Өнөөдрийн тоглолтод та өрсөлдөгчийнхөө ямар алдааг олж харсан бэ. Тоглолтыг нэг өгүүлбэрээр дүгнэвэл?

-Баярлалаа. Өрсөлдөгчийнхөө алдаа гэхээсээ илүү бид өөрсдийнхөө алдааг зассан. Манай баг өмнөх тоглолтод довтолгоогүй болсон. Айлын хамгаалалтад ямар ч ачаалал хүндрэл үүсгэхгүй зөвхөн өөрсдөө сулраад л шидсэн тоглолт болсон. Үүн дээрээ дүгнэлт хийсэн. Өрсөлдөгч багийн  төвийн байрлалд биднээс давуу байдлыг хамгаалалтаар хааж, зогсоох оролдлогуудыг хийлээ.

-Нэг үгээр прессинг хийсэн үү?

-Хүмүүс прессинг гэж ярьдаг л даа. Бидний хувьд 1-2-2  гэсэн бүтэн талбайн хамгаалалтаар эхэлж, 2-3 гэсэн зооны хамгаалалтад шилжсэн хамгаалалтыг авч хэрэгжүүлсэн.

-Финалд таарсан “Бухнууд”-ыг хэр үнэлж байна вэ. Тэдний эсрэг ямар тактиктай тоглох вэ?

-“Баянзүрх Буллс” бол мэдээж сайн баг. Манайх тойргийн тоглолтуудад тэдэнд гурав хожигдсон. Тухайн үед манай баг жинхэнэ утгаараа бүрэлдэж чадаагүй байсан гэж дүгнэж байна. Харин плей-оффын таван тоглолтод бид нэг баг болж чадлаа. Энэ бүхэн бидэнд дараа дараагийн тоглолтод томоохон итгэл өгч байна.
Хасын Хүлэгүүд багийн тоглогч Ш. Сэдбазар

-Юуны өмнө финалд шалгарсанд баяр хүргэе. Өнгөрсөн тоглолтод өөрөө бүтэн тоглоогүй. Харин өнөөдөр маш сайн тоглосон?

-Баярлалаа. Өнгөрсөн тоглолтын хувьд дасгалжуулагч намайг нөөж дараагийн тоглолтод оролцуулах тактик баримталсан гэж тайлбарлаж болно. Өнөөдрийн /уржигдар/ тоглолтод манай Кимарли Уиллямс, Т.Санчир мөн Г.Золжаргал нар сайн тоглосон. Бид үүний өмнөх тоглолтод холын зайнаас олон удаа довтолж алдсан. Энэ удаад тактикаа өөрчилж дундаас шидэж, оролтууд хийж тоглосон нь амжилттай болсон.

-Финалын өрсөлдөгчийн талаар

-“Буллс” бол маш хүчтэй баг. Гэхдээ бид тактикаа зөв хэрэгжүүлбэл ялалт байгуулах бүрэн боломжтой.

"Өдрийн шуудан" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж