Тоглолтын дараа “Хасын Хүлгүүд” багийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогттой цөөн хором ярилцлаа.
-Тун гайхалтай тоглолоо. Өмнө нь нэлээд хэдэн онооны зөрүүтэй хожигдсон. Өнөөдрийн тоглолтод та өрсөлдөгчийнхөө ямар алдааг олж харсан бэ. Тоглолтыг нэг өгүүлбэрээр дүгнэвэл?
-Баярлалаа. Өрсөлдөгчийнхөө алдаа гэхээсээ илүү бид өөрсдийнхөө алдааг зассан. Манай баг өмнөх тоглолтод довтолгоогүй болсон. Айлын хамгаалалтад ямар ч ачаалал хүндрэл үүсгэхгүй зөвхөн өөрсдөө сулраад л шидсэн тоглолт болсон. Үүн дээрээ дүгнэлт хийсэн. Өрсөлдөгч багийн төвийн байрлалд биднээс давуу байдлыг хамгаалалтаар хааж, зогсоох оролдлогуудыг хийлээ.
-Нэг үгээр прессинг хийсэн үү?
-Хүмүүс прессинг гэж ярьдаг л даа. Бидний хувьд 1-2-2 гэсэн бүтэн талбайн хамгаалалтаар эхэлж, 2-3 гэсэн зооны хамгаалалтад шилжсэн хамгаалалтыг авч хэрэгжүүлсэн.
-Финалд таарсан “Бухнууд”-ыг хэр үнэлж байна вэ. Тэдний эсрэг ямар тактиктай тоглох вэ?
-“Баянзүрх Буллс” бол мэдээж сайн баг. Манайх тойргийн тоглолтуудад тэдэнд гурав хожигдсон. Тухайн үед манай баг жинхэнэ утгаараа бүрэлдэж чадаагүй байсан гэж дүгнэж байна. Харин плей-оффын таван тоглолтод бид нэг баг болж чадлаа. Энэ бүхэн бидэнд дараа дараагийн тоглолтод томоохон итгэл өгч байна.
Хасын Хүлэгүүд багийн тоглогч Ш. Сэдбазар
-Юуны өмнө финалд шалгарсанд баяр хүргэе. Өнгөрсөн тоглолтод өөрөө бүтэн тоглоогүй. Харин өнөөдөр маш сайн тоглосон?
-Баярлалаа. Өнгөрсөн тоглолтын хувьд дасгалжуулагч намайг нөөж дараагийн тоглолтод оролцуулах тактик баримталсан гэж тайлбарлаж болно. Өнөөдрийн /уржигдар/ тоглолтод манай Кимарли Уиллямс, Т.Санчир мөн Г.Золжаргал нар сайн тоглосон. Бид үүний өмнөх тоглолтод холын зайнаас олон удаа довтолж алдсан. Энэ удаад тактикаа өөрчилж дундаас шидэж, оролтууд хийж тоглосон нь амжилттай болсон.
-Финалын өрсөлдөгчийн талаар
-“Буллс” бол маш хүчтэй баг. Гэхдээ бид тактикаа зөв хэрэгжүүлбэл ялалт байгуулах бүрэн боломжтой.