Э.Цасчихэр нар давж заалдана

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Э.Цасчихэр нар давж заалдана

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт холбогдох хэргийг энэ сарын 7-нд Хан-Уул  дүүргийн шүүхэд хэлэлцсэн. Шүүхээс тэдний гэм буруутай нь нотлогдсон тул Засаг дарга Э.Цасчихэрт албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жил хасч, гурван жил хорих ял оноосон. Мөн ИТХ-ын дарга Д.Батсайханд хоёр жил хорих ял оноож, мөн хугацаагаар албан тушаал эрхлэх эрхийг нь хасах шийдвэр гаргасан юм.

Шүүхийн дээрх шийдвэрийг Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандахаар болжээ.

Хэргийг сануулбал, Э.Цасчихэрийг Увс аймагт улсын төсвийн хөрөнгөөр барихаар шийдвэрлэсэн Нарийний голын 325 м, Тээлийн голын 75.3 м зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая, төрийн албан хаагчдын орон сууцны хөрөнгөөс завшсан, төрийн алба хаагчдын цалинг барьцаалан зээл авсан гэх хэд хэдэн үндэслэлээр АТГ-т шалгасан юм. Харин ИТХ-ын дарга Д.Батсайханыг орон сууцны хөрөнгөөс завшихад оролцсон гэж буруутгасан. Нийслэлийн Прокурорын газраас Э.Цасчихэрийг төрийн албан хаагчдын таван давхар, 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож 120 гаруй сая төгрөг завшсан гэж буруутгасан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчын эрх мэдлээ хэтрүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм.

                                Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж