Дорнод аймгийн Баяндун сумын Шивэртийн ам гэдэг газар гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байсан ОБЕГ-ын таван ажилтны гурав нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ талаар ОБЕГ-ын мэдээллийн ажилтнаас тодруулахад “Одоогийн байдлаар ойролцоох сумдын хил хамгаалах газар, ОБЕГ-ын алба хаагчид болох 230 хүн, 37 машин гал унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраах явцад Дорнод аймгийн Онцгой байдлын газрын таван ажилтнаас гурав нь харамсалтайгаар амь насаа алдсан осол гарлаа. Талийгаачид 27-38 насны залуус байсан. Нөгөө хоёр гал сөнөөгчийн бие түлэгдэлт ихтэй, биеийн байдал хүнд байгаа. Тэднийг МИ-8 нисдэг тэргээр хот руу авчирч байна. 11.00 цаг өнгөрөөд нийслэлд буух байх” гэв.
Д.ЖАРГАЛ