Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, зарим газар, хэлтсийн дарга нарыг өөрчилсөн байна. Тодруулбал, ЦЕГ-ын Хүний нөөц боловсон хүчний хэлтсийн дарга, хурандаа Б.Амгаланбаатарыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга болгосон байна. Тус хэлтсийн дарга, хурандаа Д.Батсайханыг НЦГ-ын дэд дарга бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар, УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Отгонжаргалыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар томилсон аж. Харин тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга С.Баатарпүрэвийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар томилж энэхүү албан тушаалыг хашиж байсан хурандаа Т.Батбаярыг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга болгожээ.
Хуралдааны үеэр орон нутгийн цагдаагийн хэд хэдэн газар хэлтсийн дарга нарыг ч мөн адил өөрчилжээ. Төв аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Болдбаатарыг Налайх дүүрэгт, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Энхбаярыг Булган аймагт томилсон байна. Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Н.Наран гавьяаныхаа амралт авсан байна. Мөн Төв аймгийн Цагдаагийн хэлтсийн даргыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Б.Даваажав удирдахаар болжээ. Түүний ажлыг ЭЦГ-ын VI хэлтэсийн тасгийн дарга Б.Төгс авсан байна.
Д.Жаргал