Нийслэлд оршин суугчид хоёр төрлийн татвар төлдөг болох уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Нийслэлд оршин суугчид хоёр төрлийн татвар төлдөг болох уу?

1994 оноос мөрдөж ирсэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай болон Татварын ерөнхий хуульд нийслэл хотын татвар гэсэн төрөл байхаар хуульчлагдсан байдаг аж. Гэвч өнгөрсөн 15 жилд ийм төрлийн татвар авалгүй иржээ. Харин Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийслэлд хоёр төрлийн татварыг бий болгохоор тусгаад байна.Энэ нь нийслэл хотын оршин суугчийн болон хот төлөвлөлтийн албан татвар гэнэ. Нийслэл хотын оршин суугчийн албан татварыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс, харин хот төлөвлөлтийн албан татварыг үл хөдлөх хөрөнгө эзэмшигчийн хөрөнгийн үнэлгээнээс тодорхой хувиар тооцож авахаар ажлын хэсэг тооцоо судалгаа хийж байгаа ажээ. Хуулийн төсөлд НИТХ-ыг байнгын ажиллагаатай болгох, нийслэл дүүрэг, хорооны Засаг дарга нарын статусыг нэг шатаар ахиулж нийслэлийн Засаг даргыг Засгийн газрын гишүүний, дүүргийнхийг аймгийн, хорооныхыг сумын Засаг даргын албан тушаалтай адилтгахаар тусгасан байна. Одоогийн байдлаар хотын хүн ам ихтэй нэг дүүрэг гэхэд л 2-3 аймгийн хүн амтай тэнцэж байгаа аж. Түүнчлэн хот бонд гаргах эрхтэй байх, дүүргийн Засаг дарга зөвхөн нийслэлийн Засаг даргын саналаар тусгай хамгаалалттай газар нутагт газар олгох, аж ахуйн нэгжид хориглосон зүйл заалтыг зааж хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг хуульд шинээр тусгажээ. Дээрх өөрчлөлтүүдийг тусгасан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Ш.Эрдэнэ.

Зохиогчийн эрх: www.nyabo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж