Өмгөөлөгч нь хүртэл хууль зөрчиж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч нь хүртэл хууль зөрчиж байна гэв

Төв аймгийн цагдан хорих төвд хоригдож байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өнгөрөгч ням гаригт “Ганц худаг”-ийн урьдчилан хорих төвд шилжүүлэн авчирсан билээ. Харин Н.Энхбаярын өмгөөлөгч болон МАХН-ын удирдлагуудын зүгээс түүнийг батлан даалтад гаргах хүсэлт тавьсан ч шүүх хүсэлтийг нь хүлээж аваагүй. Үүний дараа тэд Н.Энхбаярын хоригдох хугацаанд АТГ-ынхан нэг ч удаа байцаалт аваагүй, хуурай өлсгөлөн зарласан хүний биеийн байдлыг хайхраагүй, санаатайгаар эрүүл мэндийг нь хохироож байна гэх мэдэгдлүүдийг хийсэн билээ. Тиймээс бид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээгээс тодрууллаа.

-Н.Энхбаярт холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн гэдэг үнэн үү? Түүний өмгөөлөгч энэ хэргийг танай газар шалгах ёсгүй, АТГ-ын харьяаллын хэрэг биш гэж мэдэгдсэнд ямар тайлбар өгөх вэ?

-Н.Энхбаяр нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр энэ сарын 7-ны өдөр Нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Н.Энхбаярыг анх 2011 оны нэгдүгээр сарын 20-нд УМБГ-аас “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч До.Чулуунбаатарын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Үүнээс өмнө 2010 оны арванхоёрдугаар сарын 24-нд НИТХ-ын дарга Н.Болормаа нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөн Н.Энхбаярыг холбогдуулан шалгаж байсан. УМБГ 2011 оны долдугаар сарын 20-ноос энэ хоёр хэргийг нэгтгэн шалгаж байгаад 2011 оны арваннэгдүгээр сарын сарын 11-нд АТГ-тай хамтарсан ажлын хэсэг гаргаж, Н.Энхбаярын хэргийг тусад нь АТГ-ын харьяанд шилжүүлсэн. Түүнд Эрүүгийн хуулийн 150.3 болон 263.2 гэсэн хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. 150.3 гэдэг нь УМБГ-ын харьяаллын хэрэг мөн боловч 263.2 буюу албан тушаалын хэргийг АТГ харьяалалдаа шалгах хуультай. Шалгуулж байгаа этгээд маань өөрөө нэг хүн байгаа, хэргийг хоёр тусад нь шалгах боломжгүй учраас АТГ-т шилжүүлэн шалгаж байгаа юм.

-Түүнийг батлан даалтаар гаргах тухай гэр бүлийнх нь хүсэлтийг шүүх яагаад хүлээж аваагүй юм бол? Эсвэл танай газраас батлан даалтад гаргахыг нь эсэргүүцсэн юм уу?

-Батлан даалтад гаргах, гаргахгүйн тухай шийдвэрийг шүүх гаргадаг. Ер нь бол энэ хүн чинь өөрөө мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаад, хуулиар шийдэгдэх хэргийг улс төрийн арга хэрэгслээр шийдэх гэж оролдоод байгааг та бүхэн өөрсдөө харж л байгаа шүү дээ. Улс төрийн янз бүрийн акци хийгээд, олон нийтийг төөрөлдүүлээд байна. Тиймээс хэргийн шалгалтын явцад саад учруулахгүйн тулд шүүх шийдвэрээ гаргасан гэж би ойлгож байна.

-Түүнийг Төв аймгийн цагдан хорих төвд хоригдож байх хугацаанд нь нэг ч удаа байцаалт аваагүй гэдэг үнэн үү, өмгөөлөгч нь ингэж мэдэгдсэн?

-Байцаалт авсан. Гэвч өөрөө байцаалт өгөхөөс татгалзсан. Өмгөөлөгчийг нь дуудаад хавтаст хэрэгтэй танилц, байцаалт авах үед хамт байлц гэдэг шаардлага бид тавьсан боловч бас л зугтаагаад байгаа. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалахын тулд мөрдөн байцаалтад хамт байлцаж, хавтаст хэрэгтэй танилцаж гарын үсэг зурах үүрэгтэй. Хавтаст хэрэгт авагдсан баримт материалыг хүлээн зөвшөөрөх үгүй нь бол тусдаа асуудал. Гэтэл өмгөөлөгч нь хүртэл хууль зөрчөөд, хэргийн шалгалтад саад хийгээд яваа шүү дээ.

-Түүний биеийн байдал одоо ямар байгаа вэ?

-Хэвийн байгаа. Хуурай өлсгөлөн зарласан тохиолдолд тодорхой хугацааны дараа тухайн хүний амь насанд аюул учруулахгүйн тулд албадан эмчилгээнд оруулдаг хуультай. Тэр дагуу арга хэмжээ авч, эмчилгээг эхэлсэн. Одоо биеийн байдал хэвийн.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж