Оюутолгойн хувь эзэмшлийг 51 хувьд хүргэх үү?

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Оюутолгойн хувь эзэмшлийг 51 хувьд хүргэх үү?

УИХ-ын
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр
Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө
оруулалтыг зохицуулах тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг
хийлээ. Хоёр долоо хоногийн өмнө эл төслийн хэлэлцэх эсэхийг нь УИХ-ын
нэгдсэн чуулганаар дэмжин ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг
УИХ-ын дэд дарга Н.Энхболд ахалж, энэ хугацаанд Монгол Улсын
Ерөнхийлөгчтэй санал солилцсон. Харин хугацаа богино байсан тул гадаадын
хөрөнгө оруулагчдын саналыг авч чадаагүй гэнэ. Ажлын хэсэг төсөлд
заасан стратегийн ач холбогдол бүхий салбарын хүрээг нэлээд хумьсан
байна. Ингэснээр эрдэс баялаг уул уурхай, банк санхүү, харилцаа холбоо,
хэвлэл мэдээллийн салбарыг стратегийн ач холбогдол бүхий салбарт
хамааруулахаар болжээ. Тодруулж хэлбэл, дээрх нэр заасан салбарт
гадаадын хөрөнгө оруулалт орж ирлээ гэхэд 41 хувиас хэтрэхээр байгаа бол
Засгийн газарт хүсэлт тавина, харин Засгийн газар асуудлыг УИХ-д оруулж
ирж зөвшөөрөл авна. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулалт 41-ээс дотогш бол
Засгийн газар бие даан асуудлыг авч үзэж, зөвшөөрөл олгож болох юм
байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “Уул
уурхайн салбар стратегийн ач холбогдолтой салбарт хамаарах болж буй
учраас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах уу” гэдгийг
лавлаж байв. Харин ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд “Эл хууль
батлагдсаныхаа дараа эргэж үйлчлэхгүй” гэсэн хариулт өгсөн юм. Учир нь
Монгол Улсын Засгийн газар “Айвенхоу майнз Монголиа инк” компанитай 2009
онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Түүнд Монгол Улс нь Оюутолгойд
оруулсан анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа хувь эзэмшлээ 51 хувьд
хүргэнэ гэж баталгаажуулсан байна. Тиймээс шинэ хууль эрх зүйн орчинтой
болсон ч гэсэн Оюутолгой дахь Монголын хувь эзэмшлийг 51 хувьд хүргэх
гэж зүтгэх нь олон улсын өмнө хүлээсэн гэрээ конвенциудаа зөрчсөн хэрэг
болно. Дэлхий дахинд ч хууль эргэж үйлчилдэггүй гэлээ. Харин гишүүн
Ш.Сайхансамбуу “Хууль эргэж үйлчлэхгүй юм бол энэ хуулийг баталсны хэрэг
гарахгүй” гэсэн юм.

Мөн энэ үеэр хөндөгдсөн асуудал нь яагаад
гадаадын Засгийн газрын хувь эзэмшлийн компаниудад ийм хязгаар тавихгүй,
хувийн хэвшлүүдэд ч босго тавиад байна вэ. Ойрын 20 жилд уул уурхайн
салбарт гаднын асар их хөрөнгө оруулалт ирэх зайлшгүй шаардлага үүсч
байгаа. Нөгөөтэйгүүр, элсний карьер, давсны ордууд ч стратегийн ач
холбогдолтой салбарт хамаарах уу гэсэн асуулт байлаа. Ажлын хэсгийн
бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Гадаад орнуудад ийм
төрлийн хууль байдаг, энэ нь гадаадын аж ахуйн нэгжид ч үйлчилдэг,
Засгийн газрын хөрөнгө оруулалттай компаниудад ч үйлчилдэг. Дэлхий дээр
байхгүй хууль санаачлаад УИХ-аар хэлэлцүүлээд байгаа юм байхгүй” гэсэн
тайлбар хийсэн бол Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт элсний
карьер, давсны ордод ч гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирэх бол энэ
хуульд заасан заалтуудыг мөрдөх болж байгаа. Ер нь одоо элсний карьер
зэрэг жижиг ордуудыг харахаар гол төлөв гаднын хөрөнгө оруулалттай
байдаг. 1990-ээд оны үеэс уул уурхайн лицензүүдийг гадаадынханд олноор
нь шилжүүлснээс одоо үйл ажиллагаа явуулж байгаа ордуудын дийлэнх хэсэгт
гадаадынхан эзэн суусан. Тиймээс үндэсний аж ахуйн нэгжүүддээ боломж
олгох үүднээс Монгол Улс нь уул уурхайн салбартаа энэ хэмжээний хууль
батлах цаг нь болсон гэсэн тайлбар хийсэн юм. Гэхдээ энэ асуудлыг
Засгийн газрын гишүүний хувиар бус, УИХ-ын гишүүний байр сууринаас
хандаж илэрхийлж байгаа шүү гэдгээ мөн тодотгосон.

Хэлэлцүүлгийн
шатанд УИХ-ын гишүүн Н.Ганбямба эрчим хүчний салбарыг яагаад стратегийн
ач холбогдол бүхий салбарт хамааруулахгүй хасчихав гэдэгт хариулт
хүсэв. Ажлын хэсгийн ахлагчийн тайлбарласнаар эрчим хүчний салбар нь
асар их хөрөнгө оруулалт шаарддаг, түүнийг монголчууд өөрсдөө дангаараа
гүйцэтгэх боломжгүй. Дээр нь техник, технологи, ноу хау гээд олон зүйл
дагалдаж явдаг. Тиймээс энэ удаад стратегийн салбарт хамааруулахаас түр
азнасан. Нөгөөтэйгүүр эрчим хүчний салбар нь нүүрс түлж дулаан,
цахилгаан ялгаруулдаг. Нүүрс нь уул уурхайн салбарынхаа хүрээнд
стратегийн салбарт хамаарч байгаа учраас айлтгүй гэсэн юм. Ийнхүү
Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө
оруулалтыг зохицуулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд
нэмэлт оруулах тухай багц хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.


Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж