Грекийн намууд улс төрийн бие даасан чанараа алдав

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Грекийн намууд улс төрийн бие даасан чанараа алдав

Грекийн сонгогчид улс орныхоо улс төрийн системийг эрс өөрчилсөн ч Европын холбоо ба ОУВС-гийн зээлийг авахаар хийж байсан хатуу хэмнэлтийн хөтөлбөрийнхөө ирээдүйг тодорхойлж чадсангүй.

Парламентын ээлжит бус сонгуулийн урьд­чил­сан дүнгээр хуучин парламентын хамгийн том жигүүрүүд өнгөрсөн сонгуулийнхаас хоёр да­хин бага санал авчээ. “Шинэ ардчилагчид” гэх консерватив нам 17-20 хувь, ПАСОК нам 14-19 хувийн саналыг тус тус авав. Харин “Сириза” гэх зүүний нам 15,5-18,5 хувь хүртэл санал авснаар депутатуудынхаа тоог дөрөв дахин нэмэгдүүлсэн байна. Шинэ нацистуудын “Алтан гэгээ” нам 6-8 хувь, ККЕ коммунист нам 7,5-9,5 хувийн санал авчээ. Хоёр жил хагасын өмнөхөн ПАСОК /Бүх Грекийн социалист хөдөлгөөн/ нам сонгогчдын 44 хувийн санал аван сүртэй ялалт байгуулж байв. Үүний дараа нь төсвийн алдагдлын тэсрэлтийг зарлаад зээлийн зах зээлээ алдсан байв. 300 тэрбумын өртэй улс орноо дампууруулахгүйн тулд  Грек Европын холбоо ба ОУВС-гийн тусламжид найдахаас өөр аргагүй болсон юм. Зээлдүүлэгчдийн шаардлагаар зарлагыг хэт хумих бодлогод хүчээр орсон нь тус орны  ДНБ-ий үйлдвэрлэлийг унаган ажилгүйдэл ба гэмт хэрэг, түүний дотор амиа егүүтгэх үзэгдлийг эрс нэмэгдүүлсэн юм.

Энэ удаагийн сонгуулиар зээлдүүлэгч нартай хийсэн гэрээний эсрэг байгаа барууны чиглэлийн “Тусгаар тогтносон грекүүд”, коммунистууд, неонацистууд ба  төвийг сахисан зүүний чиглэлийн “Ардчилсан зүүний хүч” намынхан  парламентад орж ирэв. Хэд хэдэн намууд парламентын босго давах хэмжээнд иржээ. Сонгуулийн албан ёсны дүн гарч, тэд парламентад орвол өнөөгийн эрх баригч эвслийн ялимгүй давуу байдал арчигдах юм.

Хоёр намын системийн сүйрэл

Сүүлийн дөчин жилийн дотор тус орны засагт барууны төвийнхөн, зүүний төвийнхэн, заримдаа нэг намын хүчтэй танхим гарч ирж байв. Одоо тэр нь түүх болон үлдлээ. 2009 онд сонгогчдын бараг 80 хувийн санал авч байсан хоёр нам нийлээд 35 хувийн санал авсан байна. Цалин хөлс, тэтгэвэрийг нь олон улсын зээл авах зорилгооор байнга хасч байсан зүүний төвийнхнийг энэ удаа сонгогчид араандаа зуусан байлаа. ПАСОК намын төлөөлөл парламентад 160 суудалтай байснаа 42 хүртэл уналаа. “Шинэ ардчиллын” лидер Антонис Самарас ч бас тэднээс дутахгүйгээр хэлмэгдэв. Тэрээр эрх баригч эвсэлд багтан зээлдүүлэгч нарын шаардлагыг хүлээж авсан бөгөөд Самарас л өнөөгийн ээлжит бус сонгуулийг парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахаас жил хагасын өмнө явуулахыг санаачилсан байлаа. Самарас л сонгогчдоос түүнд дангаар эрх барих хэмжээний мандат өгөхийг шаардсан ба одоо нам нь дангаар засаг барихад шаардлагатай хэмжээнээс 20 хувиар доогуур санал авав. Ялсан нам гэдгийнхээ хувьд “приз” болгон авсан 50 суудалтай нийлээд түүний талынхан 300 суудалтай парламентын зуу гаруйхан мандатыг авлаа. Баруун, зүүний төвийнхөн өөрсдийн нам нь улс төрийн амьдралд тэргүүлэх байр сууриа алдсаныг мэдрэн өргөн цар хүрээтэй эвсэл байгуулахыг уриалав. ПАСОК намын лидер Эвангелос Венизелос “үндэсний эв нэгдлийн” Засгийн газартай болохыг хүсчээ. Самарас түүнийг дэмжсэн ба Засгийн газраа “үндэсний авралын” гэж нэрлэх санааг дэвшүүлсэн байна. Бид үндэсний авралын Засгийн газрыг улс орноо евро бүсэд үлдээх, зээлдүүлэгч нартай хийсэн тунхаг бичгийн улс төрийн нөхцөлийг өөрчлөх гэсэн хоёр зорилготойгоор байгуулан хариуцлагыг хуваалцахад бэлэн хэмээн Самарас мэдэгдсэн байв.

Хэн Засгийн газрыг байгуулах вэ?

Эвслийн намууд албан ёсоор парламентын олонхийн хэмжээнд хүрч байна. Гэхдээ тогтвортой Засгийн газар байгуулахад дахиад нэг нам хэрэгтэй. Учир нь грекчүүд ирэх сард олон улсын зээлдүүлэгч нарын шахалтаар дахин 11 тэрбумын хэмнэлтийг хийх ёстой. Хэдийгээр парламентад долоон нам орж ирсэн ч эвслийн түнш хайх нь ихээхэн хүндрэлтэй болж байна. Парламентад хоёроор гарч ирсэн СИРИЗА намын зүүний хэт радикалуудын лидер Алексис Ципрас шууд л зээлдүүлэгч нартай хийсэн гэрээг цуцлахыг шаардана гэсэн байв. Тийм зүйл яалаа гэж Европын холбоонд таалагдах билээ. Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Алека Папарига парламентад хэнтэй ч эвсэхгүй гэсэн байна. Зээлдүүлэгч нарын бодлогыг дэмждэг ямар ч намтай бид нийлэхгүй гэдгээ “Тусгаар тогтносон грекүүд” гэх төвийг сахисан байранд байдаг үндсэрхэг үзэлтнүүдийн намын лидер Панос Камменос дахин мэдэгдсэн байв. Шинэ нацист намынхантай ямар ч нам нийлэхгүй нь ойлгомжтой. Зөвхөн зүүний төвийг сахигчидын нам л үлдээд байгаа. Хэрэв Фотим Кувелисийн “Ардчилсан зүүний хүч” нам нь Шинэ ардчиглагчид ба ПАСОК намтай нэгдлээ гэвэл  шинэ Засгийн газар нь парламентад 21 суудал илүү авах юм. Кувелис улс орноо аажмаар зээлдүүлэгч нарын дэгээнээс мултрах ёстой гэдэг ч Засгийн газарт орох эсэхээ тогтоогүй байгаа.

Грекийн Үндсэн хуулийн дагуу барууны төвийнхний лидер Антонис Самарас энэ даваа гаригт Засгийн газраа гурав хоногийн дотор байгуулах мандатыг ерөнхийлөгч Каролос Папульясаас гардан авсан байна. Энэ нь бүтэхгүй бол дараагийн байранд байгаа СИРИЗА намд мандат ирнэ. Гурав дахь намд мандат ирж ч магадгүй. Хэрэв хэн ч Засгийн газрыг байгуулж чадахгүй бол хэдэн долоо хоногийн дараа Грект дахин парламентын ээлжит бус сонгууль болох ёстой. Хамгийн сүүлчийн мэдээгээр Самарас эвслийн Засгийн газар байгуулахаас татгалзлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж