Олимпод хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

Олимпод хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно

Английн нийслэл Лондон хотноо зуны XXX олимпийн наадам эхлэхэд хоёр сар гаруй хугацаа үлдээд байна. Дэлхийн өнцөг булан бүрт олимпийн эрхийн төлөөх тэмцээн, уралдаан өрнөж буй энэ үед Монголын баг тамирчид албан ёсоор 28 эрх аваад байна. Тодруулбал, хөнгөн атлетик, буудлага, байт харваа, бокс, чөлөөт бөх, усан спорт болон жүдо бөхийн төрөлд тамирчид маань эрхээ аваад байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт Финляндын Вантаа хотноо болсон чөлөөт бөхийн сонгон шалгаруулах сүүлийн шатны тэмцээнээс Гавьяат тамирчин Б.Наранбаатар /55 кг/, ОУХМ О.Үйтүмэн /84 кг/ нар эрхээ авснаар чөлөөтийн тамирчид эмэгтэйчүүд бүтэн багаараа, харин эрчүүд долоон жингээс дөрвөн жинд тамирчдаа сойх болсон билээ. Түүнчлэн Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос жин, жингийн бөхчүүдийн чансааны дагуу шууд эрхээ авч буй дэлхийн тамирчдыг тавдугаар сарын 5-нд зарласан. Үүнд Монголын эрэгтэй, эмэгтэй тус дөрөв, нийт найман тамирчин багтаад буй.

“Лондон-2012” зуны олимпийн наадамд оролцохоор албан ёсоор эрхээ аваад буй тамирчдыг танилцуулбал /эрх авсан дарааллаар/

  1. Б.Сэр-Од /хөнгөн атлетик, марафон/
  2. Л.Отгонбаяр /хөнгөн атлетик, марафон/
  3. О.Гүндэгмаа /буудлага/
  4.  Ж.Гантөгс /байт харваа/
  5.  О.Насанбурмаа /чөлөөт бөх, 63 кг/
  6. Ж.Чулуунбат /чөлөөт бөх, 120 кг/
  7. П.Сэрдамба /бокс, 49 кг/
  8. У.Мөнх-Эрдэнэ /бокс, 64 кг/
  9.  Б.Урантунгалаг /байт харваа/
  10. Н.Баяраа /буудлага, урт буу/
  11. А.Тамир /усан спорт/-цагаан хуудас
  12. Г.Оюунгэрэл /усан спорт/-цагаан хуудас
  13.  Н.Төгсцогт /бокс, 52 кг/
  14.  Б.Түвшинбат /бокс, 69 кг/
  15.  П.Өнөрбат /чөлөөт бөх, эрэгтэй, 74 кг/
  16.  Д.Отгонцэцэг /чөлөөт бөх, эмэгтэй, 48 кг/
  17.  С.Бямбацэрэн /чөлөөт бөх, эмэгтэй, 55 кг/
  18. О.Бурмаа /чөлөөт бөх, эмэгтэй, 72 кг/
  19. Б.Наранбаатар /чөлөөт бөх, эрэгтэй, 55 кг/
  20. О.Үйтүмэн /чөлөөт бөх, эрэгтэй 84 кг/

Дээрх бүрэлдэхүүн дээр жүдогийн шигшээ багийн тамирчид нэгдэх учиртай. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос “Лондон-2012” олимпийн наадамд зодоглох эрхээ шууд авч буй 252 тамирчны нэрсийг зарласан. Дүрмийн дагуу эрэгтэйчүүдийн долоон жинд эхний 22, эмэгтэйчүүдийн долоон жинд чансаагаараа эхний 14-т эрэмбэлэгдсэн бөхчүүд шууд Лондонг зорих эрхтэй болж байгаа юм. Монголын жүдочдын тухайд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд нийт 12 тамирчин олимпийн эрх бүхий байрлалд эрэмбэлэгдээд байгаа. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар, Ч.Болдбаатар нарын гурав, 66 кг-ын жинд Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар, мөн -100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар Лондонгийн олимпийг зорих эрхээ өвөртлөөд буй. Гэхдээ нэг жинд нэг л тамирчнаа сойх тул Монголын Жүдо бөхийн холбоо дээрх тамирчдын чухам хэнийг нь Лондонд илгээхээ шийднэ. Лондонгийн олимпийн мэдүүлэг хүлээн авах хугацаа зургадугаар сүүлчээр дуусгавар болох тул тэрхүү хугацааг дөхүүлж байгаад олимпийн татамид эх орноо төлөөлөх тамирчныг зарлана гэдгийг МЖБХ хэлж байна. Энэ нь нэг талаас тамирчдын сэтгэл зүй, нөгөө талаар бусад орны тамирчдад судлагдахаас зайлсхийж буй юм.

Эрхээ шууд авч буй тамирчдыг танилцуулбал:

Эрэгтэй:

60 кг: Д.Төмөрхүлэг /596 оноо, 9-рт/, Г.Болдбаатар /594 оноо, 12-рт/, Ч.Болдбаатар /550 оноо, 15-рт/
66 кг: Х.Цагаанбаатар /1164 оноо, 2-рт/, С.Мияарагчаа /890 оноо, 9-рт/
73 кг: С.Ням-Очир /860 оноо, 5-рт/
-100 кг: Н.Түвшинбаяр /896 оноо, 5-рт/, Б.Тэмүүлэн /622 оноо, 13-рт/

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг /690 оноо, 5-рт/
52 кг: М.Бундмаа /1302 оноо, 2-рт/
63 кг: Ц.Мөнхзаяа /814 оноо, 7-рт/
-78 кг: П.Лхамдэгд /900 оноо, 7-рт/

Олимпийн наадмын эрхийн оноо олгох уралдаан, тэмцээн өнгөрөгч дөрөвдүгээр сард өрнөсөн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс дуусгавар болж, ОУЖБХ ийнхүү эцсийн байдлаар олимпод зодоглох тамирчдын нэрсийг гаргажээ. Гэхдээ тус холбооны тивүүдэд эрх олгох дүрмээр дээрх 252 тамирчнаас гадна дахин 100 жүдочид олимпийн наадамд хүч үзэх боломж олгоно, ингэхдээ Ази тивээс 20 тамирчин сонгох юм. Тодруулбал, шар тивийн жүдочдыг жин, төрөл ялгалгүй /дээрх эрх авсан тамирчдыг оролцуулахгүйгээр/ жагсааж, эхний 20 тамирчинд олимпийн эрх олгоно. Ингэхдээ нэг улсаас нэг тамирчин, мөн нэг жинд хоёроос илүүгүй гэсэн дүрэм баримтлах юм. Тэгэхээр ямартай ч жүдочид есөн тамирчны бүрэлдэхүүнтэй Лондонг зорих болж байна. Тэрхүү ес дэх эрхийг эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд чансаагаараа 27 дугаарт /350 оноотой/ эрэмбэлэгдээд буй Д.Сумъяа хүртэх бололтой. Азийн тамирчдад эрх олгох 20 тамирчны дунд манай улсаас Д.Сумъяагаас гадна Ц.Наранжаргал /эмэгтэй, 70 кг/ багтсан, гэхдээ Д.Сумъяа дээгүүр байрлалд жагссан тул түүнд эрх олгох магадлал харьцангуй өндөр байна. Тивүүдийн эрхэд багтсан 100 тамирчныг ОУЖБХ-ноос тавдугаар сарын 10-нд буюу маргааш зарлана.

Лондонгийн олимпийн наадам 2012 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-нд үргэлжлэх ба спортын 26 төрөлд 302 багц медалийн эздийг тодруулна. “Бээжин-2008” олимпийн наадамд 28-уулаа оролцож, алт, мөнгөн медалийг ихэрлүүлж, мөн түүхэндээ анх удаа паралимпийн аваргатай болсноор олимпийн таван цагаргийг “дүүргэсэн” Монголын тамирчид ирэх олимпийн наадамд өмнөх амжилтаа бататгах, басхүү ахиулах зорилго өвөртлөөд буй.

Одоо Монголын баг тамирчид эмэгтэйчүүдийн боксоос гадна байт харваа /багийн төрөлд/-ны төрөлд олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. Байтынхан АНУ-ын Огден хотноо зургадугаар сарын 18-25-нд болох олимпийн эрх олгох багийн тэмцээнд оролцох юм. Хувийн харваанд хоёр тамирчнаа олимпийн талбарт сойх эрхтэй болсон байтынхан багийн төрөлд ч мөн эрэгтэй, эмэгтэй багаар оролцох зорилго тавин ажиллаж буй ажээ.

Харин боксын эмэгтэйчүүд олимпийн эрхийн төлөөх тулаанд оролцохоор өнөөдөр өмнөд хөршийг зорьж байна. Олимпийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаад буй эмэгтэйчүүдийн боксын тэмцээн 48, 60 ба 75 кг гэсэн дөрвөн жингийн ангилалд болох юм. Харин олимпийн эрх олгох ДАШТ Хятадын Чунхуандао хотноо тавдугаар сарын 9-20-нд болно. Тэмцээн 45-48, 51, 54, 57, 60, 64, 69, 75, 81 ба +81 кг гэсэн 10 жингийн ангилалд болох ба эдгээрээс олимпийн гурван жинд эхний найман байрт шалгарсан тамирчдад эрх олгох ажээ. ДАШТ-д Монголын багаас 48 кг-ын жинд Т.Болортуул, 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 64 кг-ын жинд Э.Уянга нар оролцоно. Үндсэндээ, олимпийн эрхийн төлөө Т.Болортуул, О.Сувд-Эрдэнэ нар тулалдах юм.

Ямартай ч ирэх зуны Лондонгийн олимпийн наадамд монголчууд түүхэндээ байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй оролцох болж байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж