Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгаас “Ган үзэгтэн” тус бүр нэг, Өвөрхангай аймгаас “Хэвлэлийн тэргүүний ажилтан” нэг төрсөн байна. Мөн Өвөрхангай аймгийн “Танхил ертөнц” хүүхдийн сонины эрхлэгч Ш.Мөнхцэцэг “Ган үзэгтэн” шагналаар энгэр мялаасан байна. Өвөрхангай аймгийн МСЭ-ийн салбараас санаачлан эдгээр аймгийн орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд зохион байгуулсан “Орон нутаг дахь хэвлэлийн эрх зүйн орчин” сэдэвт сургалтын үеэр гардуулжээ. Тус аймгийн ЗДТГ-ын санхүүгийн дэмжлэгээр зохион байгуулсан энэ арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, МСЭ-ийн дэд ерөнхийлөгч, ОНХМХ-ийн тэргүүн С.Шаравдорж, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Ж.Батбаатар нар оролцсон байна. Тэд энэ үеэр санал бодлоо хэлж, орон нутаг дахь хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаа, тэдгээрийн эрх зүйн орчин, төр, захиргааны болон хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагаа зэрэг тулгамдсан асуудлаар харилцан ярилцаж, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар сургалт зохион байгуулжээ. Улмаар гурван аймгийн 50 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд Арвайхээр сумын нутагт байрлах “Их-Уул ” буюу Зэвсэгт хүчний 256 дугаар ангиар зочилж, цэргийнхний амьдрал ахуй, хээрийн сургуультай танилцаж сурвалжилга, нэвтрүүлэг бэлтгэжээ. Мөн буудлагын спортоор цэц мэргэнээ сорьцгоосон байна.
П.Буян-Эрдэнэ
/Өвөрхангай /
/Өвөрхангай /