VII хороолол шийдлээ хүлээсээр үлдэв

Хуучирсан мэдээ: 2012.05.09-нд нийтлэгдсэн

VII хороолол шийдлээ хүлээсээр үлдэв

“Хотын төвлөрлийг сааруулна гэчихээд төвдөө л газар олгоод барилга бариулаад байх юм. Налайх, Багахангай, Багануур дүүргүүдэд газар их байна шүү дээ. Тэнд хэрвээ газар олгоод, хүн амьдрах нөхцөлийг нь хангачихвал хотын төвлөрлийг сааруулж чадна. Энэ асуудлыг даруй ажил хэрэг болгох хэрэгтэй” гэж НИТХ-ын төлөөлөгч Б.Баяндэлгэр ярьж байна. Энэ бол өчигдөр Хангарьд ордонд хуралдсан НИТХ-ын есдүгээр хурлын үеэр яригдсан зүйл. Угтаа дээр хэлсэнтэй адилхан саналуудыг төлөөлөгч бүр ярьж байсан. Харамсалтай нь хэзээ хэрэгжиж, ажил болж байлаа даа.

Шинэ хорооллын ТЭЗҮ батлагдаагүй байна

Улаанбаатар хотод шинэ хороолол буюу долдугаар хорооллыг барих Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутагт байгаа газрыг чөлөөлөхийн тулд 20 тэрбум төгрөг зарцуулахыг 2011 оны НИТХ-ын наймдугаар хурлаар баталсан билээ. 2011 оноос хойш 210 айлын найман га газрыг чөлөөлөөд байгаа ажээ. Он гарснаас хойш 12 айлын газрыг чөлөөлсөн байна. “НИТХ-ээс баталснаас хойш ажил гайгүй урагшилж байна. Гэхдээ бидэнд хийх ажил их бий. Удахгүй түр байр баригдах төлөвлөгөөтэй байгаа. Энэ түр байр 300 айлын багтаамжтай байх учиртай. Өөрөөр хэлбэл түр байранд байсан эхний 300 айл жинхэнэ байранд шилжмэгц, дараагийн 300 айл түр байранд орно. Ерөнхийдөө иймэрхүү дарааллаар байршуулах гэж түр байрыг барьж байгаа” гэж НИТХ-ын М.Ганбаатар ярьсан юм. Долдугаар хороололд баригдах орон сууцны м2-ын үнэ нь 700-900 мянган төгрөг байх бөгөөд үүнээс дээшлэхгүй ажээ. 2011 онд НИТХ-ээс баталсан 20 тэрбум төгрөгийн 10,7 тэрбумыг зарцуулсан байна. Харин байрыг барихад зарцуулах 15 тэрбум төгрөгийн төсөв 23 тэрбум төгрөг болж нэмэгджээ.

Албаны хүмүүс үүнийг барилгын зураг төсөл болоод байранд орохыг хүсэгчдийн тоо нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж байсан юм. “Яагаад нэмэгдсэн гэхээр нэгдүгээрт, байранд орохыг хүсэгчдийн тоо 98 айл байсан бол 144 айл болж нэмэгдсэн. Хоёрдугаарт, барилгын зураг төсөл өмнөхөөсөө өөрчлөгдөж, дулааны үүсгүүр зэргийг өөрөөр шийдэхээр болсон. Түүнээс биш өмнөхөөсөө үндэслэлгүй нэмсэн юм байхгүй” гэж Г.Ганбаяр ярьж байна. Долдугаар хорооллын техник, эдийн засгийн үнэлгээ Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайдын зөвлөлийн хурлаар батлагдахаа хүлээж байгаа гэв.

Орон нутгийн сонгуулийг 8,3 тэрбум төгрөгөөр хийнэ

Орон нутгийн сонгуулийг нийт 8,3 тэрбумаар хийхээр болжээ. Үүнээс гурван тэрбумаар НИТХ-ын сонгуулийг хийх бол үлдсэн таван тэрбум гаруй төгрөгөөр дүүрэг, аймгийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулахад зарцуулах аж. “Орон нутгийн сонгуульд ийм хэмжээний мөнгө төсөвлөсөн юм бол сонгууль будлиангүй явуулах хэрэгтэй. Арай их мөнгө зарцуулаад байна уу гэж харагдлаа” гэж НИТХ-ын төлөөлөгч Ж.Ганбаатар ярьсан. Харин хариуцсан мэргэжилтнүүд нь сонгуулийг зохион байгуулах байр, иргэдийг хамруулах ажил зэрэг сонгууль зохион байгуулахтай холбогдсон ажилд зарцуулна гэдгийг хэлсэн юм. СЕХ-ноос хэрхэн ажиллах тухай санал, зөвлөмж ирсэн учраас зохион байгуулалтад анхаарал хандуулж ажиллах ажээ.

Театрын урд талбайг 440 саяар тохижуулна

Драмын театрын урд талын тал­байн өнгөт хавтанг хуулж, засварын аж­лыг эхлүүлээд байгаад иргэд бага­гүй бухимдаж байгаа. Харин алба­ны хүмүүс өөр бодолтой байлаа. “Энэ тал­бай Сүхбаатар дүүрэгт үлд­сэн цөөхөн талбайнуудын нэг. Зайлш­гүй засах ёстой. Доогуур нь ду­лаа­ны шугам өнгөрдөг учраас ши­нэч­лэхээс өөр арга байгаагүй. Ашиг­лалтад орсных нь дараа иргэд сэт­гэл хангалуун байх болов уу” гэж Дүүргийн засаг дарга н.Баярмагнай ярьж байна. Театрын урд талбайг иж бүрэн тохижуулахын тулд цэцэрлэгт байгууламж, усан оргилуур, чанарын шаардлага хангасан гэрэлтүүлэг зэр­гийг зураг төсөлд тусгажээ. Зарим төлөө­лөгчид дурамжхан байгаа болол­той, “Зүгээр байсан хавтанг со­лихын оронд захын дүүргүүдийн гудамж талбайг засч, тохижуулж бо­лох л байсан. Баянзүрх дүүргийн захын хороололд байдал хүнд л бай­гаа шүү дээ. Тоос шороо бургисан, энхэл донхол замтай” гэж НИТХ-ын төлөөлөгч Х.Оюунцэцэг ярьсан. Театрын урд талбайг нийт 440 сая төгрөгөөр тохижуулах аж.

Сэлбийн урсацыг нэмэгдүүлэх ажил 70 хувьтай явна

Жил гаруйн өмнөөс эхэлсэн Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх ажил одоогийн байдлаар 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж. Ажил урагшилж байгаа, төлөвлөгөөний дагуу ашиглалтад орно. Голыг дага­сан км гаруй замыг шинэчилсэн. Нийт­дээ 350 м газрын даланг шинэ­чилж, урсацыг нэмэгдүүлэх тарьц суулгасан гэж Сүхбаатар дүүргийн Засаг дарга ярьж байна. Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэхэд хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Урсацыг нэмэгдүүлэхийн тулд тусгай мате­риа­лыг ашиглажээ. Голын урсацыг нэмэгдүүлэх ажил дууссаны дараа орчныг нь сэргээх ажил давхар үргэлжлэх юм байна.

НИТХ-ын үеэр бас нэгэн сонин асуудал хөндөгдсөн нь Хан­гарьд ордны агааржуулалтын сис­темийг сайжруулахын тулд нэг тэр­бум төгрөгийг гаргуулахаар танилцуул­сан юм. Энэ нь ордныг анх ашиглалтад өгөхдөө агааржуулалтын системийг сүүлийн үеийн технологиор шийдэж чадаагүйтэй холбоотой гэнэ. Үүнээс болж хурлын танхимд багагүй маргаан өрнөлөө. Хангарьд ордны захиргааны ажилтан “Ажиллахад маш хүндрэлтэй байдаг, үүнийг шийдэхээс өөр арга байхгүй” гэж байж асуудлыг намжаав.

Харин урлын төгсгөлд дөрвөн жил хамт суусан нөхдүүд бие биедээ баяр хүргэж, сонгуулийн дараа хамтдаа дахин ажиллахын ерөөл тавиад салцгаалаа.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж