Овооноос мөнгө авах гэсэн хүүхдүүд түймэр тавьжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Овооноос мөнгө авах гэсэн хүүхдүүд түймэр тавьжээ

Хан-Уул дүүргийн онцгой байдлын газарт Богд ууланд түймэр гарч байна гэх дуудлага оройн 21 цаг 30 минутын орчимд ирсэн байна. Ажлын хэсэг иргэдийн нэрлэж заншсанаар соёмботой гэгддэг ууланд очиход гал аль хэдийн дүрэлзэн ассан, гал тавьсан бололтой таваас найман настай таван хүүхэд гал унтраахаар оролдож байжээ. Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр анги болон нийслэлийн аврах салбарын бие бүрэлдэхүүн цаг гаруй ажилласны эцэст түймрийг унтрааж чадсан байна. Соёмботой уулын уртаашаа 400 метр, өргөн нь 150 орчим метр  талбай түймэрт өртсөн ажээ. 

Гал тавьсан хүүхдүүдийн дөрөв нь хоёр хоёроороо ах дүүс гэнэ. Тэд БЗД-ийн кино үйлдвэр, нисэх орчимд амьдардаг гэжээ. Соёмботой ууланд байдаг овоон дээр тавьсан мөнгө төгрөг, боов боорцгийг нь авахаар тэр өдөр автобусаар очсон байна. Хүүхдүүд харанхуй болж, хүйтэн болсоноос дулаацах гэж овоон дээр байсан шүдэнзээр гал асаасан гэнэ. Энэ тухай Хан-Уул дүүргийн хэв журмын тасгийн дарга н.Ууганбаярааас тодруулахад “Гал тавьсан хүүхдүүдийг саатуулан Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хонуулсан. Тэдгээр хүүхдүүд мэдүүлэг өгөхдөө “Аав ээж салсан, бидэнд анхаарал халамж тавьдаггүй гэсэн.  Уг хэргийг бага насны хүүхдүүд учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн маргааш нь ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн” гэлээ.

                            Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж