![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2010/11/8d4fb43dba3188d0/bb299e799a4debd1big.jpg)
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Гэхдээ эл шийдвэрийг гаргахад амаргүй байлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Хуулийн төсөл дээр намын бүлэг шийдвэрээ гаргаагүй байгаа тул бүлгээр хэлэлцэх шаардлагатай, тиймээс энэ удаагийн хэлэлцүүлгээс хойшлуулах хүсэлтэй байна” гэж мэдэгдсэн юм. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Тэгж яривал танай бүлгийн даргын бичгээр ирүүлсэн албан бичигт энэ асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл болон МАН-ын бүлгээр дэмжсэн гэж мэдэгдсэн байсан. Түүнийг авчирч үзүүлж болно. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг эхлээд дэмжчихье, энэ хооронд танай бүлэг дахиж асуудлыг нягтажл болно шүү дээ. Тэгээд ч танай бүлэг асуудлыг хэлэлцье гэсний үндсэн дээр бид Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулах зарчмын шийдэлд хүрсэн. Хоёрдугаарт, цөөнхийн бүлэг аливаа асуудал дээр хугацаагүй завсарлага авч байгаад хязгаар тавих ёстой гэдэг дээр хоёр ажлын хэсгийн төвшинд тохирсон төдийгүй хоёр намын бүлэг дээр ойлголцсон. Ийм байхад танай бүлэг асуудлыг хэлэлцэхээс татгалзаж хойш сууж болохгүй” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Эл хуулийн төслийг хэлэлцэх гэхээр Н.Батбаяр татаж ирсэн, бүр дөрвөн жилийн турш татсан” хэмээн хэллээ. Учир нь энэхүү төслийг гишүүн Н.Батбаяр санаачилсан юм байна. Харин Н.Батбаяр гишүүний тэвчээр барагдав бололтой, “Тэгж хүн гүжирдэхгүй шүү, танай намын бүлэг л хэлэлцэх асуудлын дарааллаас хойш татаж чангаасаар дөрвөн жил болсон” гэсэн юм. Энэ үед Р.Раш гишүүн “Манай бүлгээр асуудлыг хэлэлцээгүй, хэлэлцэх эсэхийг дэмжих юм бол асуудал тэгээд л шааригдчихна” гэсэн бол бүлгийн дэд дарга Су.Батболд “Хуулийн төслийн талаар бүлэг дээр ярилцах хэрэгтэй байна. Бүлгээс албан ёсны шийдвэр гараагүй байхад хэлэлцэх эсэхийг нь дэмжчихээр би хариуцлагад татагдана” гэв. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Энэ ямар нохой зантай юм бэ” хэмээн уулга алдаж, эцэст нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингийн Ч.Сайханбилэг даргад ирүүлсэн бичгийг авчирч үзүүлснээр МАН-ын бүлгийнхэн бууж өгч, асуудлыг хэлэлцэн, дэмжсэн юм.
Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдээс тавынх нь бүрэн эрх дуусгавар болсон байна. Тэдгээр таван гишүүнээс хоёрыг нь УИХ-аас санал болгох ёстой. Энэ хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сангийн яамны Хууль эрх зүйн хорооны дарга Б.Ганбат, Статистикийн үндэсний хорооны дэд дарга Д.Гэрэлт-Од нарыг санал болгоод байна. Эдгээр нэр дэвшигч дээр хоёр намын бүлэг тохирсон гэдгээ энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдэгдсэн. Харин УИХ-ын гишүүн Д.Энхбат “ИЗНН-ын хувьд иргэний нийгмийн байгууллагыг төлөөлсөн хүн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр байх нь зөв юм аа гэж үзэж, УИХ-ын Судалгаа шинжилгээний байгууллагын ажилтан Г.Алтан-Очирыг нэр дэвшүүлж байна гэж мэдэгдсэн. Гэхдээ санал хураалтыг хараахан явуулаагүй байна.
Г.Дарь