“Урт цагаан”-ы түрээслэгчид ажлын байр шаардлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

“Урт цагаан”-ы түрээслэгчид ажлын байр шаардлаа

“Урт цагаан” буюу жуулчдын гудамжинд байрлах 25 павилоныг буулгахыг эсэргүүцсэн түрээслэгчид өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Түрээслэгчдийн хэлж буйгаар уг газарт УИХ-ын гишүүн Б.Чойлсүрэн 700 сая төгрөгөөр зам тавихаар болсон учраас дээрх павилонуудыг буулгах гэж байгаа аж. Энэ талаар тэд “Бидний ид ашиг орлоготой улирлаар повилонуудыг маань хаах гэлээ. Хэрвээ өвөл энэ мэдэглээ өгсөн бол бид ингэж хэл ам хийхгүй байсан. Бид сар бүр Нийслэлийн аялал жуулчлалын газар 80000 төгрөгийн түрээс төлж, эндээс олсон орлогоороо амьжиргаагаа залгуулдаг. Павилонуудыг буулгаснаар түрээслэгч 25 хүн, түүний ард байгаа ар гэрийнхэн орлогын эх үүсвэргүй болох гээд байна. Тиймээс биднийг өөр ажлын байраар хангаж өгөхийг хүсч байна” гэв.

Түрээслэгчид энэ удаа хотын захирагчид мэдэгдэл хүргүүлэхээр болсон байна. Мэдэгдэлд “Нийгмийн эмзэг, хагас өнчин, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бид уламжлагдан ирсэн түүхэн гудамжаа хэвээр нь байлгаж, харин ч орчин үеийн чамин тансаг, үндэсний хэв маягаар баялаг байхын хамт ажлын байраа хэвээр хадгалж, аялал жуулчлалын бүсийг төгс төгөлдөр, цэвэр цэмцгэр байлгахыг зорьж байна. Нийт 25 павилоны 250-300 иргэдийн аж амьдрал, өдрийн орлого алдагдаж, байна. Бидний зорилго уламжлагдан ирсэн үндсэн хаяг болох “Урт цагаан” нэрээрээ цаашид оршин тогтнохыг хүсч байна” гэжээ.

Дээрх павилонууд нийслэлийн өмчийн газар харьялагддаг бөгөөд Нийслийн аялал жуулчилалын газраас түрээсэлдэг юм байна. Харин газар чөлөөлөх тухай мэдэгдэл дөрөвдүгээр сарын 1-нд ирсэн бөгөөд энэ сарын 15-ны дотор газраа чөлөөлөхийг шаарджээ.

Н.Бурмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж