“Ийгл Ньюс” Ялалтын парадыг шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

“Ийгл Ньюс” Ялалтын парадыг шууд дамжуулна

Дэлхийн II дайны төгсгөлөөр Холбоотон гүрнүүд Германы вермахт, Японы квантуны армийг буулгаж авсны 67 жилийн ой ойрын өдрүүдэд тохиож байна. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй томоохон үйл явдлыг цаг алдалгүй хүргэдэг “Ийгл Ньюс” телевизийн Гадаад мэдээний алба, “Ньюс” агентлагийн тоймчдын хамт Аугаа эх орны дайны ялалтын түүхт 67 жилийн ойн цэргийн парадыг тавдугаар сарын 9 буюу маргааш өглөө 10.00 цагт /Улаанбаатарын цагаар 14.00 цагт/ Улаан талбайгаас шууд дамжуулан хүргэх гэж байна.

Энэ жилийн цэргийн парадыг урьдын адил ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын орлогч дарга, хурандаа генерал Валерий Герасимов командалж, Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков хүлээн авах юм. Ёслолын арга хэмжээнд Карел, Ленинград, Балти, Беларусь, Украйны фронтын ялалтын тугийг Улааны талбайд авчрах ажээ. /Хамгийн анхны парадыг ЗХУ-ын хоёр удаагийн баатар маршал К. Рокоссовский командалж, ЗХУ-ын дөрвөн удаагийн маршал Георгий Жуков хүлээн авч байлаа 1945-06-22/ Жагсаалд Оросын тэнгис, агаар, хуурай, пуужинт, сансрын анги болон Москвагийн цэргийн хүрээний байлдагч, офицерууд оролцох бөгөөд ойролцоогоор 100 гаруй зэвсэг, техникийн нэгж явж өнгөрөх ажээ. 

Нийт 45 минут орчим үргэлжлэх Ялалтын 67 жилийн ойн баярын арга хэмжээг нээж, тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлж, Зөвлөлтийн ахмад дайчид болон дотоод гадаадын төлөөлөгчдөд баярын мэндчилгээ хүргэнэ. Үүний дараа ОХУ-ын Төрийн дуулал эгшиглэж, Төрийн далбаа, сүлд, цэргийн туг зэргийг жагсаалын манлайд аваачин, парад албан ёсоор эхлэх болно. Жагсаалд зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, холбооны аюулгүйн алба, онцгой байдал зэрэг нийтдээ 14 мянга орчим цэрэг офицерууд оролцох бөгөөд өнөөдөр Оросын зэвсэглэлд багтаж буй зарим танк, хуягт, их буу, өөрөө явагч зенит, пуужинт цогцолбор болон нисэх онгоц, нисдэг тэрэг оролцох гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж