Зохих дээд газрын хууль ёсны зөвшөөрөлтэй, Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа бол уурхай байгуулахыг хэн буруутгах билээ. Харин байгаль орчинд хохирол учруулж, хүн, малын хэвийн аж төрөх нөхцлийг алдагдуулахуйц зарим үйл ажиллагаа, үүнийхээ төлөө хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэргийг нутаг усны иргэд эсэргүүцэн “Хонгор Угтаал” нэртэй хөдөлгөөн хүртэл байгуулан Т.Ариунааг тэргүүнээр сонгосон хэрэг. Т.Ариунаа иргэдийнхээ санал, хүсэлтийгаймаг, сумын удирдлагаас аваад засаг төрийн сонорт хүргэх гэж хөлөө хүрэх газар явж байгаа ч тэд тун дүнсгэр хүлээн авсан аж.
Саяхан “Дундговь-газар шороо” гэсэн хөдөлгөөнөөс Улаанбаатар хотноо хийлгэсэн хэвлэлийн бага хурлын хөндсөн асуудлын нэг нь Хараатын төмөр, цайрын үйлдвэрийн тухай байв. Хараатаас холгүй Төмөртийн уурхай гэж бас байгуулагдаж байгаа төдийгүй энэ хавьд хэд хэдэн газарт хайгуул хийгдэж байгаа юм. Харин эдгээр уурхайн технологийн усыг хаанаас авах вэ гэдэг нь нутгийн иргэдэд түгшүүр төрүүлж байна. Сумын төвийн ундны усны болон ойролцоох нутгийн худгуудын усны түвшин доошилсоор байгаа. Хараатын уурхайд хэрэглэх усны хайгуул хөрш Цагаандэлгэр сумын нутагт хийгдэн дал гаруй км газраас хоолойгоор татах гэж байгааг эдний сум эсэргүүцэн бас хөдөлгөөн байгуулж тэмцлээ эхэлжээ. “Дундговь- газар шороо” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхболор энэ талаар хэдэн зүйл бүхий шаардлагыг Дундговь аймгийн удирдлагад гардуулаад байгаа. Шаардлагын хариу өгөх хугацаа энэ сарын 10-нд дуусна.
Хараатын уулын ордод төмөр, цайрын уурхай байгуулахын тулд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ”-г эрх бүхий байгууллагаар тухайн компани хийлгэх ёстой. Энэ үнэлгээг “Аграр” гэдэг компани хийжээ. Ингэхдээ нутгийн гурван иргэнээс арав гаруй чиглэлийн санал асуулга явуулсан мэт худал бичжээ. Тэр гурав энд уурхай байгуулснаар “Ундны усны нөөцөд сөрөг нөлөөлөх үү” “Энд тахилга, шүтлэгтэй газар бий юү” “Та бүхний хэвийн аж төрөхөд сөрөг нөлөөлөх үү” “Та бүхэн энд уурхай байгуулахад татгалзах уу” зэрэг асуултад хариу “Өгсөн” гэнэ. Ундны усны нөөцөд нөлөөлөхгүй, энд тахилга, шүтлэгтэй уул байхгүй, бид татгалзах зүйлгүй, Бидний мал аж ахуйгаа эрхлэн хэвийн аж төрөх нөхцлийг алдуулахгүй гэж энэ үнэлгээнд “Хариулсныг” хүснэгтээр харуулжээ. Энэ асуултад “хариулсан” Нансалмаагийн Гантөмөр, Намсрайн Жавхланбаяр нарын нэрийг Улсыг бүртгэлийн байгууллагаас шүүлгэхэд ийм овог нэртэй хүн лав л Монголоос олдсонгүй. Харин гурав дахь нь болох Ганцэцэгийн Очбаатар гэсэн овог нэртэй хүн Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бүртгэлтэй байж магадгүй аж. Ийм лавлагааг Дундговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс 1/232 тоотоор гаргасан. Тэгэхлээр энэ үнэлгээг хуурамчаар хийсэн “Аграр” компани “Шанжин орд” компаниас ажлын хөлсөндөө хэдэн сая төгрөг авсан байж таарна. Тэгээд ч зогсохгүй Хараатын уурхайн нөөц дуусахад энд байгаль орчныг нөхөн сэргээж “Хиймэл нуур байгуулан загас үржүүлгийн аж ахуй байгуулах, барилга байшинг аялал жуулчлал, амралт, зугаалгын газрын зориулалтаар ашиглах боломжтой” гэсэн лут үнэлгээ хийжээ. Говьд, тэгэхдээ одоо уух ус хомсдож хүн, мал ангаж цангахаас айн түгшиж байхад арав, хорин жилийн дараа энд загас үржүүлгийн аж ахуй байгуулах хиймэл нуур цэлэлзэж байна гэхэд хэн итгэх болж байнаа. Байгалийн үзэсгэлэн, ховор сонин тогтоц ойр хавь байхгүй энэ газар аялал жуулчлал, амралт зугаалгын газар байгуулагдаж хол ойрын аялагч, жуулчлагч цуврана гэвэл бас л сэрүүн зүүд. ШУТИС-ийн уул уурхайн хүрээлэнгийн багш, Монгол улсын зөвлөх инженер Х.Жаргалсайханы ахалсан багийн хийсэн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ”-ний захын хэдэн өгүүлбэрээр жишээ татахад энэ.
Хамгийн сонирхолтой нь Говь-Угтаал сумын Засаг дарга В.Нямсүрэн “Тус сумын нутаг Хараат нэртэй газар төмөр, цайрын орш ашиглах 10665А зөвшөөрөлтэй “Шанжин орд” компанийн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний төслийг дэмжиж байна” гэсэн бичгийг 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1/261 тоотоор Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд явуулсан нь сонирхол татна. Мэргэжлийн нарийн зүйлст дунд боловсролын толгой хүрдэггүй юмаа гэхэд сумандаа тийм нэртэй хүмүүс байгаа эсэх, ус ундны хүрэлцээ ямар билээ, аль уул маань тахилга шүтлэгтэй билээ, нутагт нь загас үржүүлгийн аж ахуй, аялал жуулчлал, амралт зугаалгын том газар байгуулах боломж хэр байгаа гэдгийг сумын Засаг дарга хүн анзаармаарсан даа.
Зөвхөн энэ жишээнээс харахад гадна, дотны уул уурхайн компаниуд чинь орон нутгийн удирдлагуудыг худал хуурмаг бичиг баримтаар хуурч шүүрээд, гадаадад аялуулаад, гоё сайхан үгээр илбэдээд өөрсдийн эрх ашиг, эрхшээлд оруулаад байдаг юм биш байгаа. Орон нутгийн удирдлагын энэ мэт бусармаг байдалд тэвчээр нь барагдсан нутгийн иргэд “Дундговь- газар шороо” хөдөлгөөн өрнүүлэн тэмцэхээс ч яалтай билээ.
С.ПҮРЭВСҮРЭН