Ус, нефть хоёр адилхан үнэтэй болно

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Ус, нефть хоёр адилхан үнэтэй болно

Амралтын өдрөөр салхинд гарлаа. Халуун байсныг ч хэлэх үү,  нийслэлийнхэн Хан уулаа аралж, хатан Туулаа барааджээ.

Голынхоо эргээр болжмор шиг  зэрэгцээд суучихсан харагдана. Хүүхдүүд эцэж цуцахаа мэдэхгүй хөөцөлдөж, бие биеэ усаар шүрших аж. Томчууд ч тэднээсээ дутах янзгүй. Хатан Туулаа харахаараа хүүхэд хөгшидгүй л  нялхардаг  юмуу даа. Устай бол жаргалтай байдаг аж.

…Ганган байгалийг тольдсон Ганга нуур ширгэж байна гэнэ. Телевизээр ийм мэдээ гарч байна. Ганга нуур бол манай орны нүүдлийн шувууд буцах замдаа  үдэлж буудалладаг  ганц диваажин нь. Мянган хунгийн чуулганыг тэндээс л хардаг байсан сан.  Монгол орны хангай говьгүй булаг шанд татарч, нуур цөөрөм ширгэж байна гэсэн мэдээ гол зуран сонсогдсоор байна. Эх газар минь мэлмийгүй болж байгаа нь тэр.

Ус бол амьдрал, бас амьд эрдэнэ. Усгүй бол амьдрал дуусна. Монголчууд бид дундрашгүй  их устай юу гэвэл  бүр ч эндүүрэл. Дэлхийн 145 орноос 22-т нь бичигддэг. Нийслэлийн хүн амын тулгамдсан асуудлын нэг нь  удахгүй  цэвэр усгүй болно. Мэдсээр байгаа хэрнээ бидний усанд хандах хандлага огтхон ч өөрчлөгдөөгүй. Улаанбаатарын Их , Бага тойрууг хараарай. Хиртэй алчуураар далласан машин угаалгынхан  цэвэр усыг угаадас болгон гудамжаар л нэг урсгаж байгаа. Ил байгаа нь энэ. Өвөл зунгүй үйлчилдэг машин угаалгын газар нийслэлд  олширч  байна. Тэд хэрэглээний цэвэр усыг ёстой нэг юүлэх шиг болдог.  Хараад л хайран ус гэсэн харуусал төрнө. Хагас литр хүрэхгүй шингэнээ 10, 20 литр усаар зайлуулна. Ийм л задгай хэрэглээ бидэнд байна. Дэлхий нийтэд хэрэглээд  дадал болчихсон  саарал усны технологи нэвтрүүлэх асуудал манайд сураг ажиг ч үгүй байна.  Шинээр ашиглалтад оруулж байгаа байшин барилга, орон сууцыг ийм системтэй болгох боломж  бий.

Бурхны аврал уу  эсвэл буян хишиг үү бид Төв Азийн усны гол хоёр хагалбар дээр амьдардаг. Гэсэн хэрнээ энэ өндөрлөг нутгийн ус бүгд гадагш урсацтай. Дотогшоо чиглэсэн  Онги, Байдраг гэсэн ердөө хоёрхон  гол байдаг гэлцэх юм билээ. Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Онон гээд том гэсэн бүхэн нь хил даваад холыг зорьдог. Ийм гол мөрөнг “Эх оронч бус” хэмээн тодотгох нь ч буй. 

Доктор  Н.Сампилноров   ерээд  оны эхээр УИХ-ын сон­гуульд нэр дэвших үедээ Хэрлэн голыг  хил гарахаас нь өмнө тодорхой хэсгийг нь эргүүлж, говь руу урсгах тухай  ярьж явсан юмдаг. Энэ бол зүгээр нэг хоосон санаа биш.

 Иймэрхүү  санаа төсөл одоо ч яригдсаар байгаа. Цаашид ч бас ярьсаар л байх биз. Ер нь олон улсын конвенцоор гадагш урсацтай  гол мөрний усны тодорхой хувийг  “авч үлдэх” боломжтой байдаг аж. Одоо Оюутолгой, Тавантолгой гэх мэтийн том төслүүдийн хэрэглээний усыг  Орхон, Сэлэнгэ мөрнөөс эргүүлэн татаж хангахаар ярьж байгаа ч бас л ажил хэрэг болоогүй байна.  Хөрсний гүний ус ашиглана гэсэн чиг хандлага давамгайлаад байгаа. Тэгвэл өмнийн говь тэр чигтээ  хуй хөллөсөн цагаан тал болж үлдэнэ. Уул уурхайн олборлолт эрчимжихийн хэрээр усны хэрэглээ улам бүр нэмэгдэнэ. Харамсалтай нь Монгол бол цэвэр усны нөөцөөрөө ОХУ, Канад шиг элбэг улс биш. Хязгаарлагдмал нөөцтэй орнуудын тоонд багтдаг. Гэсэн хэрнээ энэ мэтчилэн усаар баярхах  унаган сэтгэхүйтэй ард түмэн бололтой юм. Хар ус хайрангүй гэж хадуурч давхиад байдаг. 

Цэвэр ус бол үндэсний аюулгүй байдлын  нэг хэсэг. Стратегийн  бүтээгдэхүүнд тооцогддог ус манайд хамгийн бага үнэ  цэнэтэй байна.  Тухайлбал нэг шоо метр ус Монголд найман центийн үнэтэй бол Германд 2,25 ам доллар байдаг. Хамгийн их усны хэрэглээтэй  уул уурхайн компаниудын ус ашигласны жилийн төлбөр нь борлуулалтын орлогын дөнгөж  0.01-0.11 хувь болдог гэхээр уйлах ч багадмаар санагдаад байгаа юм. Хамгийн эрхэм чухал хэрэглээ атлаа хамгийн муу менежментээр гарын салаагаар урсч байгаа эрдэнэ гэвэл ус л байна, манайд. 

Манай гаригийн 70 хувь нь усаар бүрхэгдсэн хэрнээ зөвхөн 2.5 хувь нь цэнгэг ус юм. Гэвч цэнгэг усны маань ихэнхи нь мөнх цас, мөс хэлбэрээр  байдаг учир дөнгөж 0.25 хувь нь ашиглагдах боломжтой гэх юм билээ.

Өнөөдөр дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь цэнгэг усны гачаалтай  нөхцөлд амьдарч  байна.  Цаашид, энэ хэмжээ улам өсч 2025 онд дэлхийн хүн амын 2/3 нь ийм нөхцөлд амьдарна гэсэн судалгаа байна. Тэгэхээр цэвэр ус өнөөдөр дэлхий нийтийн толгойны өвчин болчихсон гэсэн үг. 

Уснаас шалтгаалсан мөр­гөлдөөн сөргөлдөөн, усгүйдлийн дүрвэгсэд олон бүс нутагт нүүрлээд байна. Одоо манай гариг дээр нэг тэрбум гаруй хүн усны наад захын хэрэглээний гачаалд ороод байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бич­гийн дарга Бан Ги Мун усны өнөөгийн байдлыг  гамшиг хэмээн нэрлэсэн.  Хэрэв ухаа­лагаар зохицуулж чадахгүй бол энэ гамшиг биднийг ч бас тойрохгүй.

Хүн газрын тосгүйгээр амь­дарч чадна. Харин балга усны төлөө байдгаа бариад ч байхгүй л  бол амьдарч үл чадна. Усыг юугаар ч орлуулж үл болно. Тиймээс ирээдүйд уснаас шалтгаалсан дайн дажин үүсэх магадлал хамгийн их. 

Усыг ариг гамтай зарцуулах нэг арга нь усны үнэ цэнийг нэмэгдүүлэх явдал. Эдүгээ дэлхий нийтэд усны үнэ өссөөр байна.  Өнгөрсөн таван жилийн дотор  усны үнэ АНУ-д 27, Австралид 45, Өмнөд Африкт 50 хувиар нэмэгдсэн бол дэлхийн хамгийн их цэвэр усны нөөцтэй орон гэгддэг Канадад 58 хувиар өсчээ. Удахгүй, энэ зуунд ус газрын тос хоёр  ижил үнэтэй болно.

П.Булган
“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж