Долоо хоногийн онцлох нийтлэл

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох нийтлэл

Төсвөө цойлдож эхэллээ

Өнгөрсөн намар хуулийн хугацаа дуусахаас өмнөхөн амжиж  “машиндан” баталсан Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсөвт УИХ нөхөөс хийж эхэллээ. Энэ төсөв анхнаасаа л барцад дагуулсан.  “Гишүүдийн, тойргийн” гэх нэртэй 76 тэрбум төгрөгийг өнгөлөн далдалж  төсөвт тараан суулгасан гэдгээр Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны нэгдсэн төсөвт бүхэлд нь хориг тавьснаар арванхоёрдугаар сарын 1 гэхэд баталсан байх ёстой Төсвийн тухай хуулийг 15 хүргэж байж гараас гаргасан юм.
Уг нь төсвийг анх батлахдаа дахин гар хүргэхгүй хэмээн Сангийн яамныхан ам бардам хэлж байсан ч алт, зэсийн үнэ өссөн, зуд турхан тохиож олон мал хорогдсон гэх зэрэг сайн муу үзүүлэлтээс улбаалан тодотгол хийхээс аргагүйд хүрчээ. Өнгөрсөн оны намар гаргасан 2010 оны төсвийн төсөөллөөр нэгдсэн төсвийн нийт алдагдлыг 358,6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувь, улсын зардлын нийт алдагдал 433,7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьтай гарахаар байв. Дээрх 433,7 тэрбум төгрөгийн алдагдлыг санхүүжүүлэхэд гадаадын хандив тусламж, төслийн зээл хэрэгтэй. Үүнийг хаанаас олж урд хормойгоо хойтохоороо нөхөхийг шаварт унасан шарын эзэн Засгийн газар мэднэ гээд л эрхэм гишүүд товчлуур дарсан.
Монгол Улсын нэгдсэн төсөвт 2010 онд хоёр их наяд 427 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталсан юм. Энэ оны эхний улирлын байдлаар энэ үзүүлэлт харин гайгүй гарч 558,8 тэрбум төгрөгийг төсвийн авдарт оруулсан нь төлөвлөснөөс 95,1 тэрбум төгрөгөөр давсан байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр манай үндсэн “бараа” болох зэс, алтны үнэ төсөв батлан үед төлөвлөж байснаас чангарч, тогтвортой байсантай холбоотой. Мөн манай ганц “саалийн үнээ” Эрдэнэт үйлдвэрийн шим сайн байсан нь ч нөлөөлжээ. Эрдэнэт үйлдвэр төсөвт 108,7 тэрбум төгрөгийн орлого оруулсан нь Засгийн газраас өгсөн гэрийн даалгавраас 25 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлт ажээ. Уул уурхай, ашигт малтмал, тамхи, арьс боловсруулалт, оёдол, цаас, цаасан бүтээглэхүүн, хэвлэх, нийтлэх, дуу бичлэг зэрэг дэд салбарын үйл ажиллагаа сайн байсан нь мөн орлого нэмэгдэхэд эерэгээр нөлөөлжээ.
Энэ нь монголчууд байгалийн араншингийн аясаар эрсдэл дагуулдаг мал аж ахуйг дагнан шүтэх бус аж үйлдвэр тал руу хандвал төсвийн орлогоо нэмэгдүүлэх баталгаа сайжрахыг харуулсан үзүүлэлт юм.
Харин оны эхний улиралд 664 тэрбум төгрөгийг нийт төсвөөс зарлагадсан байна. Улсын төсвийн зарлага 500,2 тэрбум төгрөгт хүрчээ. Ингээд улсын нэгдсэн төсвийн урсгал тэнцэл 27,1 тэрбум төгрөгийн ашигтай, нийт тэнцэл 109,2 тэрбум төгрөгийн алдагдалтай, улсын төсвийн урсгал тэнцэл 46,4 тэрбум төгрөгийн ашигтай,нийт тэнцэл 58 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан гэсэн мэдээллийг Сангийн сайд гишүүдэд танилцуулсан юм.
Хөдөө аймгуудад УИХ-аар баталсан улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг дураараа  өөрчилж баталсан тохиолдол цөөнгүй гарсан байна. Сүхбаатар, Орхон, Булган, Дархан-Уул аймгуудад улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийг багасгаж баталсан тохиолдол илэрчээ. Иймээс зөрчил гаргасан аймгуудын ИТХ-ын шийдвэрийг хүчингүй болгож УИХ-аас оны өмнө баталсан орлогын дүнг хэвээр үлдээхээр болж байгаа юм байна.
Төсвийн тодотголоор Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн орлогыг 364,2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцжээ. Ингэснээр нэгдсэн төсвийн орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 38,2 хувьд буюу хоёр их наяд 721 тэрбум төгрөгт хүрэх аж. Энэ нь урьд байгаагүй өндөр орлого гэж Засгийн газраас тодорхойлжээ. Тэр хэрээрээ ихээхэн эрсдэл дагуулж мэднэ гэдгийг ч хэлсэн байна.
Ийнхүү УИХ-аар Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийг цойлдож эхэллээ.. Үүнээс цааш эдийн засгийн үзүүлэлт ямар болж төсөвт хэдэн нөхөөс нэмэхийг нөхцөл байдал харуулна.
УИХ-аар төсвийн жилийг нэгдүгээр сарын 1-нээс бус дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлдэг болох, мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хаврын чуулганаар батлуулдаг байх зэрэг санал дэвшүүлж байсан нь иймэрхүү олон цоорхойтой төсөв хийхээс болгоомжлуулсан санаа юм. Улсын нэгдсэн төсвийг арваннэгдүгээр сарын сүүлээр батлахад ургацаа хураачихсан, мал таргалчихсан ид атар намраараа шахам байдаг үе. Түүндээ тааруулаад тарган сайхан төсөв хийгээд байтал зуд турхан дайрах, мал сүрэг хорогдох, идэш ууш хомсдож цалин тэтгэвэр нэмэх жагсаал цуглаан өрнөх гээд төсвийн хөрөнгийг дундруулах шалтаг ар араасаа цувж, оны эхний улирал дуусав уу, үгүй юү төсвөө цойлдох хэрэг гардаг. Монголчууд билгийн тооллоор он солих баяраа өвөл бус хаврын эхэнд тэмдэглэдэг нь бүх хорогдлоо дансалчихаад, орлого, зарлагаа  тооцож цэвэр ашгаа гаргачихаад онд мэнд орлоо хэмээн үздэгтэй холбоотой ч байж мэднэ.  Үүнтэй адилаар монгол уламжлалаа дагаж төсвийн жилээ хавар эхлүүлбэл төсөвт дахин дахин гар хүрдгээ больж мэдэх юм.

Д.ОЮУНЦЭЦЭГ.  
2010 оны 5 сарын 7.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж