Сонгуульд оролцох намууд СЕХ-д хүсэлтээ гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Сонгуульд оролцох намууд СЕХ-д хүсэлтээ гаргалаа

Сонгуулийн хуулийн дагуу сонгуульд оролцох намууд өнөөдөр сонгуульд оролцох тухай хүсэлтээ СЕХ-д албан ёсоор хүлээлгэн өглөө. Хамгийн түрүүнд Ардчилсан нам  хүсэлтээ өгсөн байна. Тус намын хувьд шаардлагатай бичиг баримтыг  хуулийн дагуу бүрдүүлсэн, мөрийн хөтөлбөрөө аудитын газраар шалгуулж, тус газраас шаардсны дагуу гурван залруулга хийсэн байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт хууль зөрчин, мөнгө төгрөг амласан, хүмүүсийг хоосон “хошгоруулсан” зүйл байхгүй гэдгийг намын дарга Н.Алтанхуяг хэллээ. Тус намын мөрийн хөтөлбөрт хариуцлага, шударга ёсыг тогтоохын төлөөх гол заалтууд орсон. Мөн хэн ажлын байртай болохыг хүснэ, түүнийг бүх талаар нь дэмжихээр мөрийн хөтөлбөртөө тусгасан гэлээ.

МАН-ын хувьд мөн л аудитын байгууллагаар мөрийн хөтөлбөрөө хянуулан хий гэсэн засваруудыг хийсэн байна. “Манай намыг мөрийн хөтөлбөр сонгуулийн хуульд бүрэн дүүрэн нийцэж байгаа” гэж МАН-ын дарга С.Батболд хэллээ. Тус нам мөрийн хөтөлбөртөө Монгол хүнээ хөгжүүлэх, ажил амьдралыг өөд нь татах, эрүүл саруул, боловсролтой, ажилтай, орон сууцтай, нийгмийн халамжид зөв хамрагдаж чаддаг тогтолцоог улам боловсронгуй болгохоор гол агуулгыг нь тусгасан гэв.

Ардчилсан нам, МАН-ыг СЕХ-нд хүсэлтээ гаргасны дараа ИЗНН, МСДН-ууд мөн сонгуульд оролцох хүсэлтээ гаргасан юм.

Н.БУРМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж