Ялалтын парадад 10 мянган цэрэг, дайчид оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Ц.ЭЛБЭГДОРЖ

Ялалтын парадад 10 мянган цэрэг, дайчид оролцоно

Ялалтын парадад 10 мянган цэрэг, дайчид оролцоно
Аугаа их эх орны дайны 65 жилийн ойг ОХУ-ын нийслэл Москва хот болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан бүх улсуудад өнөөдөр өргөнөөр тэмдэглэж байна. Ялалтын ойн гол арга хэмжээ өнөөдөр  /Москвагийн цагаар 10.00 цагт/ Улаан талбайд болох бөгөөд тус арга хэмжээнд 10.000 гаруй цэрэг дайчид, 300 гаруй цэргийн техник оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. ОХУ-ын бусад хотуудад ч мөн адил өргөн хэмжээтэй цэргийн жагсаал болох юм. Улаан талбайд болох цэргийн жагсаалд Дэлхийн хоёрдугаар дайны холбоотон гүрнүүд болох АНУ, Их Британи, Франц улсуудаас гадна Польшийн цэргийн баг оролцох юм байна.
Эх орны дайны 65 жилийн ойд гадаадын өндөр хэмжээний зочид оролцох бөгөөд тэдний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уригдсан юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, Францын Ерөнхийлөгч Н.Саркози, ХБНГУ-ын Канцлер А.Меркель, БНХАУ-ын дарга Ху Жинтао, Израйлын Ерөнхийлөгч Ш.Перес, мөн Грек, Болгар, Серб, Чех, Словак, Словен, Хорват, Македон, Латви, Эстон болон Төв Азийн улсуудын Ерөнхийлөгчид, Европын Зөвлөлийн ЕНБД Т.Ягланд зэрэг дээд хэмжээний зочид төлөөлөгчөөр оролцохоор ОХУ-д хүрэлцэн ирээд байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан БХЯ-ны сайд Л.Болд, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар ялалтын баярт оролцож байгаа Ерөнхийлөгч өчигдөр Москва хотноо очиж, Поклонная гора дахь Аугаа их эх орны дайны музей үзэж сонирхон, мөн дайнд оролцсон ахмад дайчдын төлөөлөгчдийг Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хүлээн авч уулзсан байна.  Ялалтын баярт уригдсан төрийн тэргүүнүүд өнөөдөр Улаан талбайд цэргийн жагсаал үзсэний дараа Александровскийн цэцэрлэгт очиж,  Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөх юм.
Монгол Улс нь Дэлхийн хоёрдугаар дайныг эхэлсэн эхний өдрөөс эхлэн ЗХУ-ын цорын ганц холбоотон байсан бөгөөд дайны эхний үеээс эхлэн эдийн засгаа дайны байдалд бүрэн шилжүүлсэн юм.
1942 оны эхээр хуралдсан Улсын Бага хурлын 25 дугаар чуулганаас Улаан армид танкийн цуваа бэлэглэх шийдвэр гаргасны дагуу 1942 оны 2 дугаар сар гэхэд Монгол Улсын Засгийн газраас 2.5 сая төгрөг, 300 кг алт, 100.000 ам.долларыг ЗХУ-ын Внешторговый банкинд шилжүүлж байжээ.  Мөн 1942 оны 1 дүгээр сараас 7 дугаар сарын хооронд монголын ард түмнээс 2 сая төгрөгийн хандивыг сайн дураараа өргөснийг  цуглуулж шилжүүлжээ. Энэ үед Улаан армид хандив өргөх хөдөлгөөн Монгол Улсын бүхий л аймаг сумдад өрнөсөн бөгөөд Монголын Засгийн газар, ард түмний хөрөнгөөр бүтсэн ТЗ-4 загварын 32 танк, Т-70 загварын 21 танк бүхий “Хувьсгалт Монгол” хэмээх танкийн бригадыг 1943 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын тэр үеийн төрийн удирдлага Улаан армид өөрийн биеэр гардуулан өгч байжээ.
Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Танкийн гвардын 44 дүгээр бригад хэмээн Улаан армийн түүхэнд бичигдсэн энэхүү бригад Берлин хүртэл давшиж тулалдсан түүхтэй. Энэхүү танкийн бригад нь ЗХУ-ын төрийн дээд шагнал болох Ленин, Кутузов,  Богдан Хмельницкий нарын нэрэмжит одонгоор шагнагдсанаас гадна танкийн гвардийг ч Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон юм.
Танкийн бригадын командлагч И.И.Гусаковий нь ЗХУ-ын 2 удаагийн баатар цол хүртсэн бол дайчдаас нь 15 хүн ЗХУ-ын баатар болж, 7770 хүн ЗХУ, Монгол Улс, Польш зэрэг улсуудын төрийн дээд одонгоор шагнагджээ. Мөн 1943 оны 3 дугаар сарын 6-нд хуралдсан Улсын Бага хурлын 26 дугаар чуулганаас “Монгол ард” хэмээх нисэх онгоцны эскадрилийг байгуулах шийдвэр гарсны дагуу 1943 оны 7 дугаар сарын 31 гэхэд Монголын талаас 2.6 сая төгрөгийн хуримтлалыг бий болгож ЗХУ-д шилжүүлжээ. Энэ хөрөнгөөр 4 сарын дотор “Монгол ард” эскадрилийг үйлдвэрлэн бэлэн болгосон бөгөөд уг эскадриль нь “ЛА-5” загварын 12 онгоцноос бүрдэж байлаа. Тус эскадрилийг 1943 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ЗХУ-ын баатар хошууч генерал А.С. Благовещенскийн командалсан агаарын цэргийн хүчний 322 дугаар дивизэд хүлээлгэн өгчээ.

Ийнхүү Монголын ард түмэн, Засгийн газар Аугаа эх орны дайны эхний өдрөөс эхлэн ЗХУ, түүний улаан армид чадах бүхнээрээ тусалсан түүхтэй бөгөөд ЗХУ-д сурч байсан олон тооны монгол иргэд дайнд биечлэн оролцож, фашизмтай хийх тэмцэлд гар бие оролцож байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж