“Татвар төлөгчдийн өдөр” өнөөдрөөс эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

“Татвар төлөгчдийн өдөр” өнөөдрөөс эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн татварын газар “Татвар төлөгчдийн өдөр”-ийг энэ сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгуулж буй хүрээнд өнөөдөр Мишээл экспо төвд энэхүү үйл ажиллагааны нийслэл дэх нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын эдийн засгийн болон төсвийн байнгын хорооны гишүүд, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, дэд дарга Ч.Жигжид, Ж.Батбаяр болон аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцсон юм.  Шилдэг татвар төлөгчдийн худалдаа үйлчилгээг энэ сарын 11-ныг хүртэл ийнхүү  “Мишээл экспо” төвөөс сонирхож болох бөгөөд үзэсгэлэн яармагт 110 гаруй шилдэг татвар төлөгч байгууллагууд оролцож байна. Энэ нь хүнс, гоо сайхан, барилга, тавилга, мэдээллийн технологийн гээд бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж болох тухай зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

Татвар төлөгчдийн өдөр нь жилийн 365 хоног татвараа төлцгөөе гэж уриалдаг бол улс орон даяар тавдугаар сарын хоёрдугаар долоон хоногт татвараа төлсөнд талархал илэрхийлдэг үйл ажиллагаа ажээ. Өмнөх жилүүдэд Сүхбаатарын талбайд тэмдэглэдэг байсан бол энэ жил Мишээл экспод тэмдэглэж байгаа нь шилдэг татвар төлөгч байгууллагуудын улс орондоо оруулж буй хувь нэмрийг үнэлж, урамшуулж буй хэрэг гэнэ. Улс орон даяар зохион байгуулж буй уг арга хэмжээ хөдөө орон нутагт  мөн болж байгаа юм. Ингэхдээ татвар төлөгчдөд зориулан Аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татварын тухай, цахим тайлан, тоон гарын үсгийн тухай сургалтыг зохион байгуулж байгаа ажээ. Учир нь хөдөө орон нутагт одоо үед голлох салбар болоод байгаа уул уурхайн хайгуул, олборлолтын ажил ихээр өрнөж байгаа тул татварын талаарх бодлого, хууль дүрмийг сайтар таниулах шаардлагатай байгаа юм байна.

Татварын салбарын үйл ажиллагаа болон гадаад харилцааны талаар Нийслэлийн татварын газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, эдийн засгийн ухааны доктор Я.Аюушмаагаас тодрууллаа.


-Өнгөрсөн жилийн байдлаар Татварын газар улсын төсөвт хэдий хэмжээний хөрөнгийг байршуулсан бэ?

-2011 онд Үндэсний татварын алба нийт 2.1 их наяд төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэх байсан бол зорилтондоо хүрч, давуулан биелүүлсэн. Ерөнхийдөө 2011 он бол Монголын Татварын албаны, тэр дундаа Улсын төсвийн орлого, хяналтын газарт ихээхэн хөгжил дэвшлийг авчирсан жил байлаа. Учир нь Үндэсний татварын алба дэлхийн жишигт хүрэх зорилт тавин ажиллаж байна. Энэ нь монголын татварын албандаа ажиллаж байгаа боловсон хүчний чадавхи сайн байх, мэдээллийн санг цахим хэлбэрт оруулах, дэлхийн хэмжээнд татварын салбар дахь хууль эрх зүйн үндэслэл, хууль тогтоомжийг мөрдөх зорилтууд юм.

-Дэлхийн жишигт хүрч ажиллана гэж байна. Тэгэхээр гадаад харилцаа хэр байна вэ?

-2009 оноос эхэлж Олон улсын валютын сан, Америкийн төрийн сангийн татвар төлөгчийн албыг олон улсын жишигт хүргэж бэхжүүлэх тухай төсөл хэрэгжиж байна. Тэгэхээр энэ нь монголын татвар төлөгчийн чухал он жилүүд болж байна. Татварын салбарын программ хангамж, цахим орчинг хөгжүүлэх ажлыг хийх Англи, Солонгосын хамтарсан “Korean agency” компанийн Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар санхүүжих төсөл шалгарсан. Энэ нь нэг мэдээллээр, нэг цахим сүлжээгээр дэлхийн улс орнуудын жишгээр ажиллана гэсэн үг. Боловсон хүчнийг чадавхижуулах гадаад харилцааны тал дээр  уул уурхайн асуудлыг хар хайрцагныхаа бодлогонд багтаадаг Чили, Канад, АНУ улсаас манай татварын байцаагчдыг бэлтгэж байна. 2009 оноос эхлээд, 2013 оныг дуустал  эхний ээлжинд сургалт хийж байгаа юм.

-Татвараас зайлсхийх нь улам бүр даамжирч байна гэж байгаа?

-Тухайн улсад орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг хянаж, түүнд зохих татварыг нарийн тооцох хэрэгтэй байдаг. Учир нь тухайн улсад орж ирж байгаа хөрөнгө нь ямар замаар бий болохыг тодорхойлоход чухал ач холбогдолтой бөгөөд түүнийг улсдаа нэвтрүүлвэл бохир мөнгө угаасан хэрэгт хутгалдсан болно. Тиймээс татвараас зайлсхийх зорилгоор хил гааль дамнуулан бизнесээ явуулдаг үйл ажиллагааг олон өнцгөөс шалгах хэрэгтэй байдаг.

-Монгол Улсын татварын салбарын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Татварын алба бие даасан байх ёстой. Тухайлбал, өөрийн гэсэн татварын хэрэг бүртгэл, шүүхтэй байх хэрэгтэй. Энэ нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд татварын шүүхээр шийдэх юм. Манай улс энэ хэргийг Иргэний шүүхээр авч хэлэлцдэг. Жишээ нь, өнөөдөр 100 сая төгрөгний зөрчил гаргасан бол шүүхэд хэргийг нь хэлэлцэж, хоёр жилийн хугацаанд бүх шатны шүүхээр яваад, эцэст нь торгуулиа төлөх болсон бол тухайн үеийн мөнгөний ханш одоогийнхоос эрс өөрчлөгдсөн байх тохиолдол алдаа гарч байгаа юм. Иймэрхүү асуудлыг татварын дагнасан бодлого, зохицуулалтаар шийдвэл ихээхэн ач холбогдолтой.  Гадны улсад тухайлбал, Америк, Япон улс гэхэд Татварын алба нь дэргэдээ мөрдөн байцаах газар,  шүүхтэй байдаг.

-Монголд ийм байгууллага байгуулах боломж одоогоор бий болов уу?

-Эхний ээлжинд татварын хэргийг тусгайлан авч шүүдэг тасаг, нэгжийг байгуулах асуудал яригдана. Цаашид татварын шүүхийг бий болгох байдлаар болох юм.

-Татвар төлөгч голлох субьект уул уурхайн салбар болоод байх шиг байна. Энэ салбарын эрсдлийн үнэлгээ, шалгалтыг хэрхэн хийдэг вэ?

-2010 оноос манай газарт уул уурхай, эрдэс баялгийн болон эрсдлийн үнэлгээ, тандалт судлагааны хэлтэс байгуулагдсан. Энэ хэлтэс нь уул уурхайн томоохон компанид санхүүч,эдийн засагчид улсад тушаасан тайлан балансан дээр нь үндэслэн шалгалт хийдэг байсан. Одоо бол мэргэжлийн геологич, уул уурхай ашиглалтын инженерүүд, геологи уул уурхайн эдийн засагид ажиллаж, одоогийн байгаа зэс, алт, ураны ордуудад техник эдийн засгийн үндэслэлээр мэргэжлийн үнэлгээ хийж байна. Өөрөөр хэлбэл, тайланг нь мэргэжлийн хэмжээнд шалгана гэсэн үг.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж