Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй тус намын гишүүд дэмжигчид өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд очиж, 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөө бүртгүүллээ. Мөрийн хөтөлбөрийн гол цөм нь Монгол иргэн байна. Ингэхдээ эрүүл чийрэг монгол хүн, эрдэм боловсролтой монгол хүн, чинээлэг амьдралтай монгол иргэнийг бий болгоход Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа гэж тус намын дарга Н.Алтанхуяг онцолсон юм. Мөн тэрбээр “Манай намын мөрийн хөтөлбөрт дааж давшгүй хоосон амлалт байхгүй, бид хуулийг хүндэлж мөрдөж ажилласан” гэж мэдэгдлээ. Улстөрийн намуудын УИХ-ын сонгуульд оролцоход баримталдаг хамгийн гол бодлогын баримт бичиг нь мөрийн хөтөлбөр байдаг. Харин үүнийгээ Ардчилсан намынхан хуульд заасан хугацаанд амжуулан ийнхүү Сонгуулийн ерөнхий хороонд өгч, бүртгүүллээ. Одоо тус намынхан УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах л үлдэж байна.
Г.ДАРЬ