Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид Дархан-Уул аймгийн Төрийн сан, ЗДТГ, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, улс болон орон нутгийн хөрөнгө оруулалт, Замын сан, Аймаг хөгжүүлэх сангийн 2011 оны санхүүгийн үйл ажиллагаанд өнгөрөгч сарын 9-24-ний өдрүүдэд шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар Дархан-Уул аймгийн санхүүгийн ажиллагаанд 46.1 сая төгрөгийн зөрчил илэрчээ. Орон нутгийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэхдээ орон нутгийн хөрөнгө оруулалтаас замын сангийн эх үүсвэрийг санхүүжүүлэх зэргээр хөрөнгийн эх үүсвэрийг хооронд нь шилжүүлэн зарцуулжээ. Тухайлбал, Шарын гол сумын гудамжны гэрэлтүүлгийн ажилд орон нутгийн төсвөөс 20 сая төгрөг төлөвлөсөн байхад 36,6 сая төгрөгийг замын сангийн эх үүсвэрт шилжүүлэн зарцуулсан байна. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтын зарим ажлын гүйцэтгэгчийг хуулийн дагуу сонгон шалгаруулаагүй, шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн байна. Тухайлбал, 2011 оны дөрөвдүгээр сарын 13-нд “Номос пресс” ХХК-тай шууд гэрээ байгуулан Биеийн тамир спортын газарт хоёр ширхэг боксын рингийг 30000 мянган төгрөгөөр, “Сек тех” сервис ХХК-иас LCD дэлгэц 39,5 сая төгрөгөөр худалдан авч, орон сууцны фасадны 21 сая төгрөгийн ажлыг “Бид бүтээнэ”, “Идэр болор” ХХК-иар хийлгэжээ.
Мөн Дархан, Орхон, Шарын гол, Хонгор сумын 19 багт сагсан бөмбөгийн талбай байгуулах шит болон бусад дагалдах хэрэгслийг худалдан авахад 11,0 сая төгрөг, суурилуулалтын ажлын хөлсөнд 8 сая төгрөг нийт 19,9 сая төгрөг, “Уст ороот” ХХК-иас хүүхдийн спорт тоглоомыг 800 төгрөгөөр шууд гэрээ байгуулан авсан боловч хүйтэрч өвөл болсноос суурилуулалтын ажил хийгдээгүй аж. Иймд суурилуулан хүлээн авахаар улсын байцаагчийн акт тогтоожээ.
Шалгалтаар энэ мэт зөрчил дутагдлууд илэрч акт тогтоосон байна.