Ашигт малтмалын газраас "Саусгоби сэндс” компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээд байсан билээ. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас тус компанийг шалгаж эхэлсэн бөгөөд АТГ-ын арав орчим ажилтан өнөөдөр тус компанид шалгалт хийж, “Моннис” компанийн байранд байрлах компанийн ажлын байрыг битүүмжлээд байгаа ажээ. АТГ "Саусгоби сэндс” компанийг лицензийн наймаатай холбогдуулан шалгаж байгаа юм байна. “Саусгоби сэндс” компани хяналтынхаа хувьцааны 60 хувийг Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч төрийн өмчит “Чалко” компанид худалдахаар болсон тухай мэдээлэл цацагдсаны дараа Ашигт малтмалын газраас тус компанийн тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлээд байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр АТГ-аас Ашигт малтмалын газрын дарга асан
Д.Батхуягийг лицензийн наймаатай холбоотойгоор баривчлан шалгаж эхэлжээ.
Д.ЖАРГАЛ