![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/11/e9bcea5a851d6659/bb2a6084f17318aabig.jpg)
Түүнчлэн УИХ-ын гишүүн Р.Рашийн хэлснээр бол 30 км зам тавиад, дараагийн зам тавигддаггүй тасардаг. Тэгж байтал хэзээ хооронд нь холбох гэж байгаа нь мэдэгдэхгүй бас нэг 50 км хатуу хучилттай замыг тавьдаг. Ийн оочин цоочин тавьсан замынх нь чанар гэж авах юмгүй. Энэ жил шинэ зам тавилаа, ирэх жил нь нөхөөс тавихаас эхлүүлээд шинэ зам тавих хэмжээний зардал чирэгдэл болж дахиж зам тавьдаг гээд Засгийн газрын төлөвлөсөн ажлууд урагшгүй зарим ажил эхлээ ч үгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 80 гаруй хувьтай байх ёсгүй гэж дүгнэсэн юм.
Дараа нь тус байнгын хорооны хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын багц төслийг хэлэлцээд дэмжив. Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа уг төсөлд харамсалтай нь, байнгын хорооны гишүүд дэндүү хайнга хандав. Үдийн цайндаа яарсан уу, эс бөгөөс өөр хувийн ажлууд байсан уу, уван цуван гарсаар байнгын хороог даргалсан УИХ-ын гишүүн А.Тлейхантай нийлээд дөрвөн гишүүн л эл асуудлыг хэлэлцсэн юм. Асуулт асууж, санал хэлэх гишүүн ч үнэндээ байсангүй. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Эл хуулийг УИХ-ын хаврын чуулган завсарлахаас урьтаж батлах шаардлагатай. Ингэхгүй бол Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, энэ хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн ч шинэ эрх зүйн орчин шаардсаар байгаа. Нөгөө талдаа эл хуулийг шинэчлэн баталж эрх зүйн орчноо олон улсын төвшинд нийцүүлэхгүй бол Монгол Улс 2013 онд Олон улсын үнэт цаасны байгууллагаас хасагдах гээд байгаа. Гурав дахь үндэслэл нь “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалахад мөн л үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн баталсан байж холбогдох ажлуудыг хийх шаардлагатай. Энэ мэт хоолойд тулсан гурван асуудал байгаа тул нэн даруй баталж өгөх шаардлагатай” гэсэн юм. Харин асуудлыг танилцуулсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж шуурхай ажлын хэсэг байгуулан төсөл дээр ажиллуулах шаардлага бийг онцолсон. Ингээд эл хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсний зэрэгцээ ажлын хэсэг байгуулахаар болов.