Дизайнеруудын гаргаж буй
хувцас загварууд нь сонирхолтой тоглоом тоглож буй мэт санагдахуйц
жилдээ 2 удаа шинэ коллекциуд , шинэ шинэ трендүүд төрүүлэн гаргасаар
байдаг. Загварын чиг хандлагыг дагахад та өдөр бүр өөр байж болхоор.
Жишээ нь өнөөдөр та цацагтай даашинз, намхан өсгийтэй туфли өмсөж 20-од
оны хатагтайн дүрд хувирсан бол маргааш футуристик дүр төрхөд хувирч,
нөгөөдөр урагдсан жинс төмрөн чимэглэлтэй савхин хүрэм өмсөж, өөр нэг
өдөр 60-70аад оны бүсгүйн дүрд хувирч болно.Загварын чиг хандлага бол
үргэлж уран сэтгэмжийн нээлттэй орон зай юм. Өдөр тутам, ажил хэрэгч,
гоёлын хувцас, гадуур хувцас, өмд, банзал, цүнх гутал, нүдний шил бүгд
өөр өөрийн гэсэн трэндтэй байна. Энэ хаврын гол трэнд нь зөвхөн нэг
хэлбэр, зөвхөн нэг цаг үе дээр төвлөрөхгүйгээр өмнөх эрин зууны
загваруудаас сайхан бүхнийг нь авч тусгасан байгаа. Энэ хаврын чиг
хандлагаас та ретро стилийн элемент 20-иод оны тансаг
гоёлтой холилдсоныг, 50-иад оны банзал, 60-аад оны богино
даашинз,70-аад оны өргөн жинс, 90-ээд оны өнгө загварыг бүгдийг харж
болно. Тиймээс та энэ хавар өөр дээрээ туршилт хийн ямар ч дүр төрхөд
хувирч болно. Энэ хаврын голлох өнгө бол яриангүй улбар шар өнгө юм.
Хувцасны хэлбэр хийцийн хувьд энгийн талдаа, өнгө болон даавууны хээ
фактур дээр гол акцентыг өгсөн байна.
Шорттой хослол, хүрэм энэ хаврын нэг чиг хандлага
Энэ хавар дизайнерууд төрөл бүрийн хэлбэрийн пальто
пиджак хүрэм санал болгож байгаа хэдий ч 60-70-аад оны болон 80-90-ээд
оны том мөртэй хэлхгэр пальтоны хэлбэр ч гадуур хувцсанд ажиглагдаж
байгаа. Унасан мөртэй, ханцуй нь богинодуу, сул, эрэгтэйлэг стилийн
загвар ч байна.
Гутлын хувьд хэдэн улирал дараалан дугуй хэлбэрийн хоншоортой
гутлууд байсан бол энэ хавар хоншоор руугаа нарийссан. Түүнээс гадна
платформон ул, намхан ул, нарийнхан өсгий, шовх үзүүртэй туфли, цэцгэн
чимэглэлтэй туфли гутал энэ хаврын гоёл. Цүнхний хувьд ихэнх
дизайнерууд том цүнхнээс татгалзан гартаа баридаг цүнхнүүд санал
болгосон байна.
Нүүр будалтанд ч улбар шар өнгө давамгайлж байгаа тул та хацраа улбар
шар туяатай хацар өнгөлөгчөөр өнгөлж, уруулаа улбар шар өнгөөр будахад
хаврын энэ өдрүүдэд өнгөлөг харагдах болно.
Үргэлжлэлийг ТОЙМ сэтгүүлийн IPAD дээрх хувилбар болон Үндэстний Тойм сэтгүүлээс хүлээн авч уншина уу
Ү.Юмжир