Франц модернизмын “халдвар” авсан анхны герман зураач бол Паула
Модерзон-Беккер бөгөөд он цагийнхаа хамгийн сонирхолтой зураачдын нэг.
Харин түүний уран бүтээл дэлхий нийтэд танигдтал чамгүй хугацаа
өнгөрчээ. Амьд ахуйдаа зургаа ховорхон үзүүлж, цөөн хэдийг найз нар нь
худалдан авчээ. Нас барснаас нь хойш, 1917 онд өдрийн тэмдэглэл,
захидлуудыг олон мянган хувиар ном болгон хэвлэсний дараа бүхэнд
танигдсан юм. Харин манайд энэ сонирхолтой зураачийн талаар төдийлөн
мэдэхгүй. Бремен хотод байх музейг нь үзсэн монгол хүн бараг байхгүй
биз.
Паула Беккер Дрезден хотноо 1876 онд төрсөн ч хүүхэд ахуй цагаа
Бремен хотноо өнгөрөөжээ. Эцэг эх нь хотын бүрэн эрхт чөлөөт иргэдийн
төлөөлөгч бюргер байсан ч урлагт сонирхолтой Паулагийн эрмэлзлэлийг
ямагт дэмжинэ. Бремен хотын Урлагийн ордонд "Ворпсведе" группын
үзэсгэлэнг 1895 онд үзсэнээс хойш Паула уран зурагт чин сэтгэлээсээ
татагдсан гэдэг.
Берлин хотын уран зургийн курст суралцан гэрээр зургийн хичээл
заалгаад хэдэн жилийн дараа Бременээс холгүй орших Ворпсведе хэмээх
үзэсгэлэнт нутгийн зураачдаас суралцжээ. Удалгүй тэнд амьдралаа
товхинуулав. Ворпсведегийн зураачид Германы хөдөө нутгийн уламжлалт
амьдралыг аж үйлдэржилтийн эсрэг эм гэж үздэг “гажигтай” хүмүүс аж.
Харин Паула реализм оюун санааны үнэт зүйлсийг уудлан гаргах увидастай
гэж итгэх учир мэргэжил нэгтнүүдийнхээ хуучин уламжлалд элгэмсэг
сэтгэлийг нь хүлээн авсангүй.
Түүнийг зөвхөн байгаль татаагүй, хотын буцалсан амьдралд ч тэр
дуртай. Жил гаруй бөглүү нутагт уран бүтээлээ хийсэн бүсгүй Парис
орохоор 1899 оны арванхоёрдугаар сарын 31-нд замд гарчээ.
Парист түүний дөрвөн аялалын анхных нь байсан юм. Colarossi академид
бүртгүүлсний дараа Паула танихгүй мэдэхгүй, зах хязгааргүй их урлагийн
ертөнцөд шумбан орлоо. Түүний хичээнгүйлэн танилцсан Францын урлаг
сэтгэл зүрхийг нь удалгүй эзэмдэв. Харин түүний учир утгыг тайлах гэж
үлдсэн амьдралаа зориулсан гэдэг. Тэрбээр хйарандаа хөтлөгдөн
Ворпсвайдедаа 1900 оны зун эргэн ирж Ото Модерзонтой байхаар шийджээ.
Энэ үеэр яруу найрагч Райнер Мария Рильке түүнд хайр зарлаж шилдэг
шүлгүүдийнхээ нэгийг зориулан бүтээсэн гэдэг. Гэхдээ яруу найрагчийг
бус, зураачийг сонгов.
Отто ч, Паула ч гэрлэлтээ эр эмийн холбооноос гадна хоёр зураачийн
нөхөрлөл гэж үзнэ. 1901 оны тавдугаар сард гэрлэснийхээ дараа ч Паула
урлагаа айлын авгайн ажлаар сольсонгүй. Харин бүтээлд нь нөхрийн нөлөө
мэдэгдэхүйц болоод иржээ. Эхнэр, нөхөр хоёр уран бүтээлийнхээ хүрээг
тэлэхээр зэрэгцэн зүтгэж байлаа. Паула Оттод учиргүй хайртай ч удалгүй
Ворпсведе давьчдаад холын аян зам даллан дуудаад ирлээ.
Хэдэн сараар Оттог орхиод 1903 онд Парист ирээд уран бүтээлийн
ертөнцөөр зоргоороо туулж явлаа. Хосууд улам холдсоор 1906 онд салжээ.
Салсан шалтгаан нь уран бүтээлийн талын зөрөлдөөн гэх. Отто уламжлалд
үнэнч бөгөөд хуучин Герман уламжлалт ёсыг хамгаас илүүд үзнэ. Мөн
эхнэрийнхээ ертөнцийг таних эрмэлзлэлийг нь хувиа бодсон гэж дургүйцдэг.
Паула урлагт өөрийгөө бүрэн зориулахаар зүтгэсэн нь буруу байхыг
үгүйсгэх аргагүй.
Паула нөхрөөсөө эд материалын дэмжлэг авч байсан ч Парист уран
бүтээлээ хийгээд чөлөөтэй амьдарч явжээ. Салалтандаа ихээхэн харамссан
гэдэг. Хойтон хавар нь нөхрөө Парист ирүүлээд дахин хамт амьдарчээ.
Хосууд 1907 оны хавар Ворпсведед цуг ирсэн ба Паула жирэмсэн байв.
Тэдний охин Паула Модерзон-Беккер нь төрөөд 20 хоногийн дараа зүрхний
өвчнөөр нас баржээ. Паула хүүхдүүд зурж, эх болох хүслэнд автсан ч түүнд
эхийн жаргал оногдсонгүй.
Паулагийн амьдралын сүүлийн хоёр жил уран бүтээлийн амжилтаар дүүрэн
байлаа. Парист 1906 онд ирээд уран бүтээлийн онгод нь бялхсан гэж
мэргэжилтнүүд үнэлдэг. Сезанн, Гоген, Ван Гог нарын нөлөөн дор энэ
эмэгтэйн өнгөний хувьсал нь улам тод томруун, хурц болсноос гадна
кубизмын урсгалд ихээхэн ойртоод уран бүтээлийн илүү ээдрээтэй
зорилтуудаа шийдэж чаджээ.
Францын урлагийн нөлөө энэ эмэгтэйд ихээхэн байсан ч Германы гоо зүйн
уламжлалдаа үнэнч хэвээр үлдсэн юм. "Ворпсведе" бүлгийн зураач нарын
адил хүн төрөлхтөнд хүмүүнлэгийн үнэт зүйлсийг урлаг өгнө гэж итгэсээр
Паула ертөнцөөс хальжээ.