
Николя Саркози Евро бүсийн лидерүүдийн шуурхай уулзалтад оролцож байгаа юм. Саммитийн гол зорилго нь бүсийн санхүүгийн хямралыг бууруулахад чиглэгджээ. Өмнө мэдэгдснээр тавдугаар сарын 10-ны өдөр гэхэд саммитад оролцож байгаа лидерүүд хямралын эсрэг санг бий болгох асуудлыг боловсруулсан байхаар амласан байв.
Николя Саркози Ялалтын баярт ирэхгүй болсон анхны лидер биш. Өмнө нь Москвагийн арга хэмжээнд оролцох боломжгүйгээ Их Британийн ерөнхий сайд Гордон Браун, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хоёр мэдэгдсэн байлаа. Их Британийн сонгууль болж байгаа учир Браун ирж чадахгүйгээ мэдэгдсэн байв. Харин Обамагийн ирэхгүй шалтгааныг хэлээгүй байгаа.
Ялалтын баярт Александр Лукашенко ба Виктор Янукович өөрсдийн эх оронд баярын парад хүлээн авах учраас оролцож чадахгүй болсон юм. Гэхдээ тэд Москвагийн Кремлийн ханын дэргэд цэргийн алдарт хотуудын гэрэл хөшөөг нээсэн тавдугаар сарын 8-ны арга хэмжээнд ирсэн байлаа. Молдавын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Михай Гимпу Москвад ирэхгүй, харин Кишенев дахь парадын ажиллагаанд оролцохоор болжээ. Москвад Германы холбооны канцлер Ангела Меркель ба Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони нарыг хүлээж байгаа. Энэ хоёр Саркозийн оролцсон Евро бүсийн гишүүдийн саммитад байгаа юм. Хамгийн сүүлчийн мэдээгээр Европын хямралаас болон Москвад ирж чадахгүйгээ Сильвио Берлускони мэдэгджээ. Москвагийн парадад дэлхийн 40 орны төр, засгийн тэргүүн нар оролцох юм байна.
Тавдугаар сарын 9-ний өглөөний 10 цагт Улаан талбайд эхлэх баярын парадад Оросын цэргийнхэнээс гадна Азербайджан, Армен, Белорусь, Казахстан, Киргиз, Молдав, Таджикистан, Туркмен, Украин, Польш, АНУ, Их Британи ба Францын цэргийнхэн оролцоно.