-Энэ жил Нийслэлийн авто замыг сайжруулахад зориулж хэчнээн төгрөг зарцуулах тооцоо хийв?
-2012-2013 онд Улаанбаатар хотын авто замыг сайжруулахаар улс, нийслэлийн төсөв, Нийслэлийн замын сан болон "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр нийт 223 тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс энэ онд нийт 114,8 тэрбум төгрөгийн ажил хийхээр батлагдсан. Энэ жил 90 км авто замыг ашиглалтад оруулна.
-Хэчнээн замын ажлын тендер зарласан бэ?
-Өнөөдрийн байдлаар том, жижиг нийлсэн 29 ажил эхэллээ. Гурван замын ажил гэрээ байгуулах гэж байна. Зам засварын 30 ажил хийхээр тендер зарласан.
-Хамгийн том ямар ажлын тендер байгаа вэ?
-Биокомбинатын 22,5 км авто зам барих ажил томд орно. Тендер зарласан. Гүйцэтгэгч сонгон шалгаруулаад, Сангийн яамнаас гэрээ байгуулах зөвшөөрлөө хүлээж байна.
-Энэ ажлыг компани өөрийн хөрөнгөөр хийх үү?
-Улсын төсвийн хөрөнгөөр замыг барина. Гэхдээ энэ жил бага хэмжээний мөнгө төсөвлөсөн. 2012-2013 онд хийж хэрэгжүүлэх ажил юм. Мөн Яармагийн 13 км авто замын ажлын тендер зарлаж, гүйцэтгэгчээ шалгаруулаад Сангийн яамнаас гэрээ байгуулах зөвшөөрөл хүлээж байна.
-Дээрх хоёр замын ажлын тендерт ямар компани шалгарсан бэ?
-Одоогоор сонгон шалгаруулалт явуулж байна. Эцсийн шийдвэр гараагүй компанийн нэр тодроогүй байна.
-22-ын товчооны замын ажлыг өнгөрсөн онд эхлээд зогсчихсон. Тэр юу болсон бэ?
-Өнгөрсөн жил 22-ын товчооны замын ажил эхэлсэн. Өөрийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр "Бэрх Зараа" компани хийж байгаа юм. Замын ажлыг энэ жил хийж дуусгана.
-"Бэрх зараа" компани урьд нь ямар ажлууд гүйцэтгэж байсан бэ. Ажлаа хугацаанд нь хүлээлгэж өгч байсан уу?
-Энэ компани өмнө нь хөдөө орон нутагг ажиллаж байсан юм билээ. Өнгөрсөн жилээс 22-ын товчооны замыг барьж байна. Замын ажлыг хугацаандаа өгч байсан эсэхийг мэдэхгүй.
-Ажлаа хугацаандаа ашиглалтад өгөөгүй замын компанийн эзэдтэй ямар хариуцлага тооцдог вэ?
-Гэрээний дагуу хариуцлага тооцдог журамтай. Гэрээнд зааснаар алданги тооцно.
-Шинэ зам тавиад жил хүрэхгүй хугацаанд эвдрэх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд компанийн эздэд ямар арга хэмжээ авах вэ?
– Шинээр барьсан замын баталгаат хугацааг өнгөрсөн жилээс эхэлж хоёр жил болгож өөрчилсөн. Баталгаат хугацаанд зам эвдэрч, цоорвол гүйцэтгэсэн компани өөрийн хөрөнгөөр эргэж засварлах журамтай.
-Замын тендерийн гол шалгуур юу вэ. Хамгийн бага үнэ хэлснийг нь сонгодог уу?
-Хуулийн шаардлага хангасан тендер ирүүлсэн компаниудаас бага үнийн саналтайг нь сонгоно. Түүнээс биш тендер ирүүлсэн болгоноос бага үнэтэйг нь сонгоно гэж байхгүй. Шаардлага хангаагүй бол бага үнэтэй хэдий ч хасагдана.
-Хотоор том тэрэгнүүд явуулахгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор замын ажилд хүндрэлтэй байна уу?
-Хөдөлгөөний аюулгүй байдал хангасан, тодорхой тоннын даацтай машин Монгол Улсад зорчих ёстой гэсэн стандарт бий. Венийн конвенцид нэгдсэн орнуудад дээрх стандартыг мөрддөг. Манай улс энэ стандартаа мөрддөггүй байсан. Одоо Замын цагдаагийн газраас мөрдүүлж эхэлсэн.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин