Испанийн “Ла лиг”-ийн цом “Барселона”-гаас алдарч, гурван жилийн дараа “Реал Мадрид”-д ирэх нь тодорхой болсон билээ. Гэсэн ч “Барса”-гийн супер од Лионель Месси сэтгэлээр унасангүй, хувийн амжилтаа ахиулсаар байна. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр гурван жил дараалан шалгараад байгаа тэрбээр “Ла лиг”-ийн 37 дугаарт тойрогт “Эспаньол”-ийн хаалганд покер (Нэг тоглолтод дөрвөн гоол хийхийг хэлдэг) хийснээр баг нь 4:0-ээр илүүрхсэн. Ингэснээр Лео лигийнхээ мэргэн буучдын жагсаалтыг 50 гоолтой тэргүүлж эхлэв. Энэ нь мэдээж дээд амжилт.
“Реал”-ын домогт довтлогч Уго Санчесийн 1980-1990 оны улиралд хийсэн 38 гоол “Мөнхийн амжилт” гэгдэж байсан ч үүнийг нь Криштиану Роналду жилийн өмнө 40 болгон ахиулсан. Тэгвэл агуу аргентин эр энэ удаа даруй 10-аас өсгөх нь тэр. Месси энэ улирлын бүх тэмцээнд 72 гоол хийгээд байгаа нь урьд өмнө нь дуулдаагүй өндөр үзүүлэлт юм.
Д.НАНЖИД
“Өдрийн шуудан” сонин