![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/11/9ba811be09e36805/7c205612d29adeb7big.jpg)
Судалгааны ажлыг ч мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан хийж дуусгасан, хэрвээ УИХ-аас Ерөнхий хэлэлцээрийг дэмжчихвэл бэлтгэл ажил эхлэх боломжтой тухай холбогдох албаныхан онцоллоо. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд “Гадаад улсаас авч байгаа зээл Монгол Улсын хувьд хэрээс хэтэрч буйг сануулсан юм. Тэр дундаа авсан зээлээ үр ашигтай зүйлд зарцуулж чадаж байна уу гэдэг хамгийн чухал. УИХ-аас ажил хийг гээд энэ мэт зээлийн хэлэлцээрийг дэмжээд батлаад өгдөг, гэтэл амьдрал дээр хэрэгжилт үр дүн муутай, эргээд энэ нь ард түмний нуруун дээр өрийн дарамт болон бууж байгааг санууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Алтай “Зээл бол эргэж төлөгддөг хатуу хуультай, тийм учраас үр ашигтай зүйлд зарцуулах нь чухал” хэмээн онцолсон бол УИХ-ын гишүүн Ц.Батбаяр “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах хүрээнд 1995 онд Японы хөрөнгө оруулалтаар том оврын автобусны парк шинэчлэлтийг хийж байсан, гэхдээ 100 хувь биш. Дараа нь 2009 онд БНСУ-аас 400 том оврын автобус оруулж ирсэн. Үүнээс өөрөөр дорвитой шинэчлэл энэ салбарт хийгдээгүй, гэтэл Улаанбаатар хотын иргэд түгжрээн дунд хамаг цагаа алдаж байгаа. Тийм учраас зээлийн хэлэлцээрийг дэмжээд явах нь чухал” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 19 гишүүнээс 12 нь зээлийн хэлэлцээрийг дэмжсэнээр санал дүгнэлтээ УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтлоо.