“Хүүхдийн нунтаг”-ийн бизнес хүчээ авч байна

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн нунтаг”-ийн бизнес хүчээ авч байна

Хүний махыг борцлон нунтагласан капсултай зүйлийг хэдэн мянгаар нь хилээр гаргах гэж байсныг БНСУ-ын гаалийн ажилтнууд өчигдөр илрүүлжээ.

Хятадаас оруулахаар завдсан капсултай эм шиг харагдаж байсан тэдгээр зүйлсийг зулбуулсан болон дутуу төрсөн хүүхдийн цогцосноос  гаргаж авдаг тухай эмнэлгийн нэгэн ажилтан ярьсан байна.

Ямартай ч шинжилгээгээр уг бүтээгдэхүүний 99.7 хувь нь хүний эд эс болохыг тогтоожээ. БНСУ-ын гаалийн ажилтнуудын мэдээлж буйгаар өнгөрсөн оны наймдугаар сараас хойш 17,000 ширхэг “хүүхдийн нунтаг”-ийг гааль дээр саатуулсан байна. Ийм наймаа хийдэг сүлжээ Хятадад байдаг бөгөөд тэд хүүхдийн цогцсыг худалдаж аваад хөргөгчинд хадгалж, дараа нь “эм” үйлдвэрлэдэг газруудад өгдөг аж. Тэнд хүүхдийн цогцсыг богино долгионы зууханд хатааж, нунтаглаад капсул болгон гаргадаг гэнэ. Гаалийн ажилтнууд болон эмнэлгийн  шинжээчдийн ярьж буйгаар тэдгээр “эм”-ийн жинхэнэ найрлагыг далдлахын тулд эмийн ургамал хольсон байдаг аж.

Өнгөрсөн наймдугаар сард БНСУ-ын гаалийн хамгийн туршлагатай ажилтан уг эмийг анх илрүүлээд цочирдож, мөрдлөг явуулсан юм байна. Хятадын хууль сахиулагчид ийм төрлийн хууль бус эм үйлдвэрлэгчдийн бизнесийг зогсоохоор хатуу тэмцэж байгаа авч БНСУ-ын хилээр хүүхдийн нунтаг гэх уг бөөлжис цутгам зүйлсийг хэдэн мянган ширхэгээр нь хууль бусаар гаргаж амжсан аж.

2011 онд БНСУ-ын SBS телевизээр Хятадын үр хөндөлт хийдэг эмнэлгүүд хууль бус эм үйлдвэрлэгчдэд зулбуулсан болон дутуу төрсөн хүүхдүүдийн цогцсыг нууцаар нийлүүлж буй тухай баримтат кино гарч байжээ.  Хятадад залуужих зорилгоор дутуу төрсөн, эсвэл зулбуулсан ургаар тусгайлан шөл хийдэг газар байдаг тухай мэдээлэл хоёр жилийн өмнө шуугиан дэгдээж байсан юм.

Хятадын анагаах ухаанд цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулах зорилгоор эхэсийг эртнээс хэрэглэж ирсэн аж. Хятадын орчин үеийн анагаах ухааны салбар эмийн найрлагад аюултай, санаанд багтамгүй зүйлсийг оруулдаг нь судалгаагаар тогтоогдсон юм. Эрч хүчийг дахин авчирч, залуужуулах чадалтай гэх ийм эм Азийн орнуудад эрэлт ихтэй байдаг гэнэ.

Хятадын зүүн хойд мужид амьдардаг Солонгосчууд болон БНСУ-д амьдардаг хятад иргэд хүүхдийн нунтгийн гол худалдан авагчид гэнэ. Хятадын сонинуудад бичсэнээр Хойд Солонгостай ойрхон Хятадын Жилин муж нь хүүхдийн нунтгийн нууц бизнес дэлгэрсэн голомт газар аж. Хамгийн аймшигтай нь  зөвхөн зулбасан, дутуу төрсөн хүүхдийн цогцсыг эм үйлдвэрлэлд хэрэглээд зогсохгүй “хууль бус” төрсөн хүүхдийг эмнэлгүүд санаатай хөнөөдөг нь Хятадын нэг гэр бүл, нэг хүүхэд бодлогын үр дүн аж.

Хүн амын өсөлтийг тогтоон барихын тулд Хятадад жилд 13 сая хүүхдийг хэвлийд байхад нь хөнддөг байна. Шинжээчдийн хэлж буйгаар хүний эд эсээс бүтсэн эм нь хамгийн аюултай бактерийг тээдэг бөгөөд халдвар тараах эрсдэл ихтэй гэнэ. Харин Хятадууд ийм эм яс хугарахаас авахуулаад толгойн өвчин намдаах зэрэг олон өвчин, эмгэгийн анагаадаг гэдэгт итгэдэг ч шинжлэх ухаанаар үүнийг нотлоогүй юм.

Австралийн эрдэмтэд Хятадын орчин үеийн анагаах ухаанд өргөн хэрэглэдэг эм бэлдмэлүүдийг судлаад найрлагад нь хар баавгай, зээр, гөрөөсний эд эрхтэн байгааг тогтоосон юм. БНСУ-ын Гаалийн газар сэжиг бүхий зүйл авч яваа хятад аялагчдыг шалгах шалгалтыг улам чангалж, дээрх хэрэгт өргөн хүрээтэй мөрдлөг явуулсан ч БНСУ, Хятадын хоорондох дипломат харилцаанд сэв суулгаж мэдэх уг асуудлыг гаалийн ажилтнууд орхиж, Хятадын албаны хүмүүст даатгахаас өөр аргагүй болсон гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж