аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт холбогдох
хэргийг өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцсэн байна. Тэдний гэм
буруутай нь нотлогдсон тул Засаг дарга Э.Цасчихэрт албан тушаал эрхлэх
эрхийг нь хоёр жил хасаж, гурван жил хорих ял оноосон байна. Мөн ИТХ-ын
дарга Д.Батсайханд хоёр жил хорих ял оноож, мөн хугацаагаар албан тушаал
эрхлэх эрхийг нь хасчээ. Дарга нарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид
эдлүүлэх аж.
Хэргийг сануулахад, Э.Цасчихэрийг Увс аймагт улсын
төсвийн хөрөнгөөр барихаар шийдвэрлэсэн Нарийний голын 325 км, Тээлийн
голын 75.3 км зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар
гүйцэтгүүлэхээр 710 сая, төрийн албан хаагчдын орон сууцны хөрөнгөөс
завшсан, төрийн алба хаагчдын цалинг барьцаалан зээл авсан гэх хэд хэдэн
үндэслэлээр АТГ-т шалгасан юм. Харин ИТХ-ын дарга Д.Батсайханыг орон
сууцны хөрөнгөөс завшихад оролцсон гэж буруутгасан. Нийслэлийн
Прокурорын газраас Э.Цасчихэрийг төрийн албан хаагчдын таван давхар, 24
айлын орон сууцыг дөрвөн давхар болгож 120 гаруй сая төгрөг завшсан гэж
буруутгасан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Эрүүгийн хуулийн 263 дугаар
зүйлд заасан төрийн албан хаагчын эрх мэдлээ хэтрүүлж, онц их хэмжээний
хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул
дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм.