Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Сонгодог дива

Дахин нэг гранд лэдиг танд танилцуулъя. Монголын урлагийн талбарт
гялалзаж буй энэ бүсгүйг Д.Отгонжаргал гэдэг. Дуурийн дуулаач
мэргэжилтэй, СУИС дүүргэж, хойд хөршид мэргэжил дээшлүүлсэн. “Voice”
группийн дуучин. Ээж, охины хамт амьдардаг, авьяаслаг, царайлаг ганц бие
бүсгүй. Бурханы гар татаагүй ховор бүтээлүүдийн нэг бол Д.Отгонжаргал.
Түүнд залуу нас, гоо үзэсгэлэн, авьяас, ухаан, даруу зан, нэр алдар, нэр
төр бүгд цогцолж. Дуу алдмаар авьяастай ч гоо сайхны хувьд нэг тиймхэн,
эсвэл элдвийн хов жив, дэл сул ярианы бай болчихдог нэг ёсны нэр төр нь
сэвтчихсэн гүйж явах нь ялангуяа манай урлагийнхан дунд тун элбэг.
Гэтэл энэ бүсгүй гайхалтай хоолойтойн дээр гоо үзэсгэлэнтэй, даруу
зантай. Өнөөдрийг хүртэл дуучин бүсгүйтэй холбоотой сөрөг мэдээлэл би
лав сонсож байсангүй. Энэ бол түүнд онц үнэлгээ өгөх наад захын
үзүүлэлтүүд. Тэр өнөөдөр тайзан дээрээ дуулж байна, бүжиглэж байна,
жүжиглэж байна. Залуу халуун нас, гоо үзэсгэлэнгээрээ байлдан дагуулж
байна.

Анх агуу их Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” хэмээх
гайхамшигтай аялгуунд хийсэн “Өнө мөнх орших эх орон“ дуугаар олонд
танигдаж байсан Д.Отгонжаргал өнгөрсөн жил драмын урлагийн шилдгүүдийг
шалгаруулдаг “Гэгээн муза-2010” наадмаас хөгжимт жүжгийн төрөлд Оны
шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртэж, жүжиглэх авьяасаа нотолсон юм.
Монголын анхны моно-опера “Хязгааргүй” жүжгийн гол дүр хэлгүй үзэсгэлэн
төгс бүсгүйн дүрийг түүнээс өөр бүтээчих артист олдоогүй хэмээн уран
бүтээлчид нь ярьцгаасан.  
Д.Отгонжаргал “Voice” группийн гоцлол
дуучин. Монголын урлагт шинэ хуудас нээсэн сонгодог попера, транс опера
чиглэлээр уран бүтээлээ туурвидаг тус хамтлагийн сувд нь энэ бүсгүй.
Шуудхан хэлэхэд түүний хоолой, гоо үзэсгэлэнгийн сүр жавхаанд хамтлагийн
2 эрэгтэй гишүүнийх нь дүр төрх бүдгэрчихдэг.

Бүсгүй хүн
ялангуяа урлагийн тайзан дээр хэзээд №1 байх, бүх зүйлээрээ байлдан
дагуулж байх нь зүй ёсны үзэгдэл билээ.  Харин патриарх үзэл
давамгайлсан манай нийгэмд энэ бол гайхах, үнэлэх зүйл мөнөөсөө мөн.
Товчхондоо түүнийг бас л идеал гэж хэлмээр байна. Урлагийн тайзан дээр
энэ цаг үед гялалзаж буй идеал бүсгүй. Үүний нэг нотолгоо нь тэрээр
“Домогт Ану хатан” киноны голд дүрд шалгарч, сонгогдсон байна.

Идеал
гээд ярихаар Монголын тайз дэлгэцийн урлаг урдаа барих төгс жүжигчингүй
болчихсон нь гашуун үнэн юм. Дээр үеийн монгол кинон дээр гардаг уул
шиг түшигтэй хөх өвгөд, дуу хоолой нь хүртэл нийтлэг бус тэр л дүрд
тохирсон гэмээр олон дүрээс авахуулаад Сэцэн Мандухайг эгээтэй бидний
үед амьдарч байсан шигээ амилуулсан Төрийн соёрхолт Н.Сувд тэргүүтэнтэй
эн тэнцэх нь бүү хэл дөхөөд буучих жүжигчин байхгүйгээс “Домогт Ану
хатан” кино багийнхан чамгүйих эрлийн эцэст дуучин бүсгүйд санал тавьсан
аж. Ялангуяа түүхэн киноны гол дүр гэдэг хэн хүний бариад хийчих ажил
биш учраас тун ч осолтой гэдэг. Тэр дундаа гоо үзэсгэлэнтэй, ухаан билэг
төгс, баатарлаг түүхэн эмэгтэйн дүр гэдэг хэн хүний хүсэл мөрөөдлийн
оргил, тэр хэрээрээ нарийн ур чадвараас авахуулаад гоо сайхны шалгуур
гээд олон зүйл шаарддаг. Магадгүй эл шаардлагуудыг давж гарсан дуучин
бүсгүй бидний дунд үүх түүхээрээ өнө мөнх амьдарч ирсэн домогт Ану
хатныг дүр төрхтэй нь амилуулж өгөх ч юм билүү. Тэр чадах байх гэж
найдна.

Д.Отгонжаргал ирэх 2-р сарын 11-нд анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа.
Хамтлагаараа
эх орондоо болоод хилийн чанадад олон тооны тоглолт хийж байсан боловч
хамтлагийн аль ч гишүүн бие даасан тоглолтоо хийж байгаагүй санагдана.
Тоглолтыг нь “Мөнхийн үсэг” групп ивээн тэтгэх юм билээ. Урлагийнхны
дунд байдаг хамгийн том “шүдний өвчин” тоглолтын ивээн тэтгэгч хайх
асуудалд тэр санаа зовдоггүй нь бас нэг давуу тал, аз завшаан гэж
болохоор. “Мөнхийг үсэг” группийн Удирдах зөвлөлийн дарга, хатагтай
Б.Батцэцэг дуучин бүсгүйн үеэл эгч учраас дүүгийнхээ урлагийн карьерыг
бүх талаар дэмжиж тусалдаг нь дуучны ачаанаас ихийг хөнгөлдөг биз.
Агуу
зүйл энгийн байдаг. Дуучин бүсгүй тийм л эгэл, энгийн нэгэн. Дийлэнх
эмэгтэйчүүдэд байдаг шалдир булдир зан түүнийх биш. Шулуухан, түс тас
зантай. Тиймдээ ч харьцахад амар гэдэг. Жинхэнэ сонгодог урлагаар
хүмүүжсэн хэн бүхэнд байх араншин л даа. Харамсалтай нь сонгодог
урлагийн гэр бүлд харьяалагддаг хүн болгон түүн шиг байдаггүй билээ.
Өглөөнөөс үдэш хүртэл гэртээ орох завгүй ажилтай түүний хамгийн дотны
туслагч, зөвлөгч нь ээж нь. Охиныг нь асран халамжилдаг ээждээ тэр арын
албаа бүрэн даатгадаг байна. Амьдрал баялаг гэдэг шиг ийм авьяаслаг, гоо
үзэсгэлэнтэй бүсгүй ганц бие. Нэгэнтээ “Би маш сайхан хайртай учирч
байсан. Миний амьдралын нэгэн аз жаргалтай мөчүүдийн нэг нь тэр үе
байлаа. Одоо дурсамж болон үлдэж. Гэхдээ сэтгэл зүрхэнд минь тэр хайр
гэрэл асаан байсаар л байх болно” хэмээн ярьж. Баргийн хүнээс ийм
гарахгүй болов уу. Тэр ийм л хүнлэг, гэгээн сайхан сэтгэлтэй, гэрэлтсэн
эмэгтэй. Авьяас, амьдрал, хайр, юм бүхэн энэ сонгодог диваг ивээнэ
гэдэгт эргэлзэхгүй байна. Чамд амжилт хүсье.

М.Саян /ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж