бүрийг шимтэн үздэг үзэгч, фенүүдийнхэн хувьд хамгийн сайн мэдээ. Хэдхэн
хоногийн өмнө жүжигчин Амбий буюу Ц.Батхуягийг талийгаач болсон тухай
мэдээлэл нэр бүхий сайтуудад гарсан. Тухайн үед өөрийнхөө талаарх таагүй
мэдээллийг уншсан уран бүтээлч маань сэтгэлзүйн зүйн хувьд хямарсан нь
мэдээж.
Уг нь Амбий өвдсөн. Гэхдээ тэрбээр бүгдийг давж, хөл дээрээ босоод
ирлээ. Харин одоо шинэ уран бүтээл, тоглолт гээд өвдөх ч завгүй ажиллаж
байгаагаа хэлнэ лээ. Жүжигчин Амбийтай ярилцсанаа хүргэе.
-Таныг том уран бүтээлтэйгээр үзэгчидтэй эргэн уулзаж байгаа тухай сонслоо. Яриагаа энэ талаар эхлэх үү?
-Юуны өмнө надтай уулзаж, миний сэтгэлийн үгийг уншигчдад хүргэж буй
"Нийслэл таймс" сониныхонд баярлалаа. Сайхан хүмүүсийн дэмжлэг, дотны
найз нөхөд, ах нар, Монголын ард түмэн, нийт үзэгчдийн буянаар миний бие
цоо эрүүл болсон. Би өөрийнхөө алдаа, хэнэггүйгээсээ болоод ингэж өвдөж
зовж, өвчинд нэрвэгдсэн байх. Өвчин зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг
юм байна. Биеийн байдлаасаа болоод сүүлийн нэг жил хэвтлээ.
Гэхдээ л хүн чинь зүгээр хараад сууж эсвэл хэвтээд байдаггүй юм байна.
Их ч ном уншлаа. Олон зүйлийг үзэж, өнгөрсөн бүхэнд дүгнэлт хийж,
эргэцүүлж, тойруулж боддог юм байна л даа. Харин одоо уран бүтээл рүүгээ
эргээд орж байна. Би сургуульд байхын "Найрын ширээний ууц" жүжгийг
үзэж байсан. Дараа нь энэ бүтээл кино, хөгжимт драм болгоод Дорнод
аймгийн театрт тавигдсан байдаг. Энэ бүтээлийг “Говийн зэрэглээ” киноны
Арслан буюу Г.Доржсамбуу гуайн захиалгаар Д.Мягмар гуай бичиж байсан
түүхтэй. "Найрын ширээний ууц"-ын том том дүр бүтээсэн жүжигчид маань
амьд сэрүүн, алтан сургаалаа хайрлаад бидний дэргэд байгаа нь өөрөө том
аз завшаан гэж боддог. Би тухайн үед зохиол захиалаад бичүүлсэн гэж
бодож байсан л даа.
Гэтэл он удаан бүр 30 жилийн дараа тоглогдоход, яг л хэвээрээ байж
байдаг. Энэ уран бүтээл дээр өөрсдийгөө сориогүй хүмүүс чадвар дутахын
хажуугаар хөнгөн, амрыг бодоод тоглоод байсан юм болов уу гэж надад
бодогдсон. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин
Ц.Гантөмөр, Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Ардын жүжигчин Д.Мэндбаяр,
Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай нарын хэлж ярихыг их сонслоо. Мөн
1980-аад онд Дорнод аймагт хөгжимт драм болгож тавихад найруулж байсан
Д.Маамхүү гуай ч бидэнд зөвлөгөө өглөө. Тэдэнтэй ярилцаж, тунгаан бодоод
байхад энэ бол гарцаагүй сонгодог бүтээл болохыг мэдсэн. Зохиолоо
бичсэн, найруулсан арга барил, хөндсөн цаад сэдэв, драма-турги, цаашлаад
кино бүтээсэн, хөгжимт драм хийж байсан түүх нь яалт ч үгүй сонгодог
бүтээл болохыг дахин дахин харуулж байгаа юм.
Дээр нь зохиолын маань аль ч дүр, хэн ч яаж ч ажиллаж болохоор анхнаасаа
бичигдсэн. Гарцаагүй сонгодог. Соёл Урлагийн Их Сургуулийн оюутнууд
гадаадын сонгодог бүтээл дээр тулгуурлан хичээллэдэг. Гэтэл Монголд
сонгодог бүтээл байгаа юм байна гэдгийг бид сая л ухаарч байна. Тэгээд ч
бид гадны сайн сайхныг шагшиж ярьдаг болохоос өөрсдийн доторхоо
мэддэггүй юм байна л даа. Нэг ёсондоо өөрсдийгөө муулаад, гадныхныг
магтаад байдаг. Үгүй юм байна. Бидэнд уламжлагдаж ирсэн авьяас, ухаан
бий. Үүнийгээ бид тордох хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Ингээд л
"Найрын ширээний ууц" жүжгийг барьж авсан байгаа.
-"Найрын ширээний ууц" жүжиг мюзикл хэлбэрээр тайзнаа тавигдах гэж байгаа. Хэзээ тоглогдох вэ?
-С.Отгонбаатарын үүсгэн байгуулсан "Дорнод нутаг" клубын санаачилгаар
Монгол Улсын Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын "Найрын ширээний ууц"
жүжиг мюзикл хэлбэрээр тайзнаа амьдрах гэж байна. Энэ сарын 18, 19-нд
Соёлын төв өргөөд нээлтээ хийнэ. Би сайндаа, хүний хийж байгаагүй
зүйлийг хийх гэж байгаа юм биш. Мюзикл гэдгээрээ л анхдагч байж
магадгүй. Гол нь нэр бүхий, мундаг уран бүтээлчид нэг дор цуглаж,
хамтдаа бүтээлийг туурвиж байгаад баяртай байна. Энэ бүтээл Дорнод
аймагт 1983 онд хөгжимт драм хэлбэрээр тавигдсан нь тухайн үед шуугиан
тарьж байсан. Уран бүтээлчид нь төдийгүй үзэгчид ч одоо хэрэн ярьдаг.
Тэгэхээр одоо энэ бүхнийг шагшин магтах хэрэгтэй юм. Мэдээж гадаадын
сонгодогууд сонгодог байлгүй л яах вэ. Гэлээ гэх дээ Монголд сонгодог
бүтээл байна гэдгийг харуулах гэж зорьж байгаа. Харуулах ч болно. Энэхүү
бүтээл маш олон уран бүтээлчдийн хүч Хөдөлмөрөөр босч ирж байна.
-Таныг энэхүү бүтээлийн продюссерээр ажиллаж байгаа гэсэн. Мөн
гол дүрийг бүтээж буй байхаа. "Найрын ширээний ууц" жүжгийн уран
бүтээлчдийг сонирхуулахгүй юу?
-Тийм ээ. Анхнаасаа энэхүү бүтээлийг продюссерлэж, сонирхож байсан дүрээ
авсандаа баяртай байгаа. Миний хувьд Самданы дүрийг авсан. Энэ дүрийг
өмнө нь Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Дорнод аймагт хөгжимт драмаар
тавигдахад Ардын жүжигчин н.Дамдинсүрэн бүтээж байсан. Өөрийгөө энэ хоёр
хүнээс илүү сайн тоглоно гэж хэлж чадахгүй. Хэлбэл нүгэл болно. Энэ
хоёрын маань нэг нь амьд сэрүүн байж байна. Надад зөвлөгөө өгсөн. Намайг
"алаад өгнө" л гээд урам өгөөд байгаа. Тэгэх тусам нь, зохиолоо унших
болгонд түгшдэг. "Найрын ширээний ууц" жүжгийн ерөнхий найруулагчаар
Дорнод аймгийн уугуул Н.Болд, хөгжмийг Дорнод аймгийн ХДТ-ын удирдаач
УГЗ В.Боролдой, А.Болорхүү нар хамтран бичсэн. Гол дүрд Монгол Улсын
Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин
Ж.Оюундарь, "Маск" продакшны жүжигчин СТА П.Эрдэнзаан, СТА Д.Бямбацогт
нар тоглоно.
Өнөөдөр нас 40 хүрлээ. Өмнө нь 40 нас хүрч үзээгүй учраас мэдээгүй байж
гэж өөрийгөө өмөөрч байгаа юм биш. Ер нь бид анхнаас нь бүр 20 гарантай
байхдаа ахмадуудаас сайн сурч, үг болгоныг нь ухаж бодож, ойлгох ёстой
юм байна. Тэгвэл манайхнаас илүү олон алдартай жүжигчид төрөх нь.
-Та яагаад гэнэт ийм зүйл ярих болов оо?
-Өнөөдөр нийгэм рүү хандсан бүтээлийг жүжигчид бид л хийхгүй бол улс
орон маань ямар байдалд орж байна вэ. Хүн чанар, мөн чанар гэдэг зүйл
өнөөдөр алга болсон учраас худал, хуурмагийн дунд амьдрал яваад байна.
Сүүлдээ бүр, хэн нь залилагч болох нь танигдахаа байсан. Залилагч нь
илүү санагддаг болохоор залуучууд тийш нь хуйлардаг болсон. Тэгээд
ирэхээр нийгэм маань бүр замаа алдлаа л даа.
Өнөөдөр бидэнд ургийн бичиг ч алга. Өөр рүү нь муухай харснаа, нэр нь
жаахан эвгүй сонсогдвол нэгнийгээ хятад, хужаа гээд гарал үүслээр нь
дуудаг болж. Энэ бол тухайн хүмүүсийн буруу биш шүү дээ. Урлаг, уран
бүтээлчдийн буруу юм. Үүнийг бид нар л тайлбарлаж өгөх ёстой. Сүүлийн
үед гадны олон ангит кинонууд их гардаг болсон. Манайхан ч алгасалгүй
үздэг. Түүнийг буруутгах нь хаашаа юм бэ. Хараад байхад эрчүүд залуучууд
маань эмэгтэй хүн шиг ааш авир гаргадаг болчихжээ. Тулга тойрсон хэрүүл
хийгээд байдаг болж. Зарим эрчүүд эхнэрээсээ илүү хэрүүлч болсон байна.
Уг нь ямар ч зүйл болсон эрчүүд буурь суурьтай сууж байдаг биз дээ.
Биднийг бага байхад, ээж нар л үглэдэг байсан. Гэтэл өнөөдөр ээжүүдээс илүүтэй аав нар үглээд давхиад байхаар тэр
хүнээс хүүхэд нь ямар хүмүүжил олж авах вэ. Би энэ бүгдийг хараад
бухимддаг, Нийгэмд энэ мэт энгийн хэрнээ ээдрээтэй асуудлууд байна
гэдгийг л хувьдаа шинэ уран бүтээлээрээ хүргэхийг зорьж байгаа. Гол нь
"Дорнод нутаг" клубынхан маш их тусалж, дэмжлэг үзүүлсэн. Ирэх
наймдугаар сард Дорнод аймагт очиж "Найрын ширээний ууц" жүжгээ мюзикл
хэлбэрээр нутгийн олондоо хүргэнэ.
-Таны аавыг Дорнодын театрт олон жил ажилласан хүн гэж сонссон…
-Тийм ээ. Аав маань насаараа Дорнод аймгийн театрын тайз чимэглэлийн
эрхлэгч хийдэг байлаа. Гэвч тайз засдаг л байсан байхгүй юу. Хувцас
чимэглэл, сэлэм бамбайг аав хариуцаж хийдэг байж билээ.
-Уучлаарай. Таныг өвчний улмаас таалал төгсчээ гэх мэдээлэл олон ч хүнийг сандаргаад авсан. Та үүнд ямар хариулт хэлэх вэ?
-Өнгөрсөн долоо хоногт зарим вэб сайтуудаар иймэрхүү мэдээлэл гарсан.
Мэдээллээ нягтлахгүйгээр олон түмэнд ташаа мэдээлэл цацсанд хувьдаа
гомдолтой байгаа. Миний хувьд уучилж болох ч тийм аймаар мэдээ сонсоод
цочирдож, сандарсан хүн их олон байсан л даа. Аз болж нас өндөр ээж
маань интернэтэд нэвтэрч чадахгүй нь сайхан юм даа. Энэ тухай сонсолгүй
өнгөрсөн. Хэрэв ээжийн чихэнд хүрсэн бол балрах байлаа шүү дээ. Ийм
ташаа мэдээлэл цацсан сайтууд надаас биш үзэгч олноос уучлал гуйх ёстой
байх. Дотны найзуудын маань утас чөлөө завгүй хангинаж, асууж лавлах, эмгэнэл
илэрхийлэх гээд асуудал үүссэн байсан. Хүний найз нөхөд тийм мэдээ
сонсоод цочирдож, эмгэнэлгүй яах вэ. Бүгд сандарч, цочирдсон. Би хүртэл
өөрийнхөө талийгаач болсон тухай таагүй мэдээг уншаад цочсон. Гол нь
тэнд уншигчид маш олон сэтгэгдэл үлдээсэн байна лээ. Тэр болгоныг нь
уншаад хувьдаа дэндүү эмзэглэсэн. Үнэхээр эвгүй юм билээ. Гэхдээ намайг
гэх, миний уран бүтээлийг дэмждэг, үздэг, тэр бүгдээс урам зориг авдаг
ямар олон Монголчууд миний ард байгааг тэгэхэд л мэдэрсэн.
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин