Шар хуудсаа ирэх сарын 6-нд авч дуусна

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Шар хуудсаа ирэх сарын 6-нд авч дуусна

Их, дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл
өнгөрсөн сарын дундуур дууссан. Харин ойрын өдрүүдэд элсэгчдэд зориулсан
шар хуудсыг тарааж эхэлсэн байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний
төвийн мэргэжилтэн Ч.Отгонцэцэгээс тодрууллаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрсөн сарын дундуур дууссан. Шалгуулагчид бүгд бүртгэлдээ хамрагдаж чадсан уу?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр
сарын 16 хүртэл нийт 76 хоног үргэлжилж дууссан. Энэ хугацаанд улсын
хэмжээнд 43072 шалгаруулагч бүртгүүллээ. Ерөнхийдөө жил сургууль төгссөн
хүүхдүүд бүгд хамрагдсан гэхэд болно. БСПГУЯ-с 2011-2012 оны хичээлийн
жилд 39184 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөнө гэсэн мэдээлэл
авсан. Харин бүртгэлд хамрагдсан байдлыг харахад шалгуулагчдын 37148 нь
энэ онд ерөнхий боловсролын сургууль төгсөх, 5924 нь өмнөх оны төгсөгчид
байгаа юм. Энэ тооноос харахад бүртгэл 99 хувьтай болох нь харагдаж
байна.


-Одоо бүртгэлээс хоцорсон сурагчид байгаа байх. Тэдэнд ямар ч боломж байхгүй юу?

-Нэгэнт цаг хугацаа заагаад, дараа нь боломж олгож сунгаад байхад
хоцорсон бол боломж байхгүй. Дахиж элсэгчтэй холбоотой хувийн өргөдөл,
гомдол хүлээж авахгүй.


-Шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалт өгөх мэдээллийг баталгаажуулсан шар хуудсыг тарааж эхэлсэн гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Энэ онд ерөнхий боловсролын сургууль төгсч буй шалгуулагчид элсэлтийн
ерөнхий шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг
баталгаажуулсан шар өнгийн хуудсыг шалгалт эхлэхээс өмнө сургуулиасаа
авч шалгалтад орох ёстой.

Хөдөө орон нутгийн өмнөх оны төгсөгчид суудлын хуваариа өөрийн аймгийн
Боловсрол, соёлын газар болон элсэлтийн ерөнхий шалгалтын зөвлөгөө
мэдээллийн ажилтнаас хүлээн авах юм. Харин Улаанбаатар хотын өмнөх оны
шалгуулагчид суудлын  хуваарийг  ЭМШУИС-ийн 139 тоотод байрлах Боловсрол
үнэлгээний төвийн мэргэжилтэн ирэх зургадугаар сарын 2-6-нд авна. Энэ
оны шалгуулагчид сургуулийнхаа боловсролын ажилтнаар дамжуулан авах юм.


-Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн сурагч шалгалтад opж болох уу?

-БСШУЯ-аар баталгаажуулсан ерөнхий шалгалт өгөхийг зөвшөөрсөн бичгийг
аваад шалгалтад орох эрхтэй. Хамгийн гол нь шаардагдах бичиг баримтаа л
бүрдүүлэх хэрэгтэй.


-Элсэлтийн шалгалтын журмыг танилцуулаач. Байнга сануулж байхад илүүдэхгүй байх?

-Элсэлтийн шалгалт ирэх сарын 8-нд эхэлж, гурав хоног үргэлжилнэ.
Шалгуулагчид монгол хэл, англи хэл орос хэл, математик, физик зэрэг 10
хичээлээс сонгон шалгалт өгөх учиртай. Орос хэл, Хими, Англи хэлний
шалгалт зургадугаар сарын 8-нд, Түүх, Математик, Биологийн шалгалт 9-нд,
Газарзүй, Нийгэм, Физикийн шалгалт 10-нд болно.

Хамгийн гол нь шалгалт цагтаа эхлэх учраас хоцорч болохгүй. Хоцорсон
тохиолдолд шалгалтад оруулахгүй. Үүнийг л сайн анхаарах хэрэгтэй байна.


-Энэ жил их, дээд сургуулиудын консерциумаас жил болгон оюутан элсүүлэх
журамд өөрчлөлт оруулж, зарим сургуулиуд босго оноогоо өөрчилсөн байсан.
Энэ талаар мэдээлэл өгвөл?

-Монголын их, дээд сургуулиудын консерциумаас жил болгон оюутан элсүүлэх
журамд өөрчлөлт оруулдаг. Энэ жилийн тухайд зарим сургуулиуд босго
оноогоо тусгайлан зааж өгсөн байгаа.

Өмнөх жилүүдэд босго оноо ерөнхийдөө 400 байсан бол энэ жил Санхүү,
эдийн засгийн дээд сургууль бүх мэргэжлээр элсэгчдийн босго оноог 620,
Удирдлагын академи 600, МУИС 560, бусад сургууль 400, түүнээс дээш байна
хэмээн журамласан.

Хуваарь сонгуулах, хуваариас татгалзах, түүнийг дараагийн хүнд олгох үйл
ажиллагаа ил тод хийгдэх бөгөөд хэд хэдэн онооны жагсаалтад орсон
шалгуулагч зөвхөн нэг сургууль, мэргэжлийг сонгох ёстой. Эхний онооны
жагсаалтаар хуваарь сонгосон хүн дараагийн онооны жагсаалтаар хуваарь
сонгож, эхний сонголтоос татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан
хуваарийг эхний онооны жагсаалтын уг хуваарийг сонгож болох дараагийн
хүнээс эхлэн онооны дарааллаар санал болгож сонгуулна.

Д.Алтанцэцэг
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж