Энэ удаагийн сонгуулиар одоогийн эрх баригч нам болох МАН бараг л ялагдах нь тодорхой гэх прогноз хаа сайгүй гараад байгаа. Тийм ч учраас МАН-ынхан сонгуульд оролцохдоо аль болох шинэ, шилдэг боловсон хүчнүүдээ сойж, ялахын төлөө байж болох бүхий л аргыг хэрэглэхээр зэхэж буй гэх. Ц.Нямдоржийг намынхаа нэр хүндийг ч уландаа гишгэн байж авч үлдсэнээс энэ бүхэн тодорхой харагдаж байна. Аргагүй л дээ, цаадах нь энэ сонгуулиар би намаа ялуулахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч, саналыг “луйвардана” гэдгээ намын нөхөддөө аминчлан хэлсэн гэх “бор шувуу” нисч буй билээ. Ялагдах нь тодорхой болсон намаас зарим гишүүд нь гарч, Н.Энхбаярыг дагаад төдийлөн удаагүй байна. Нэр бүхий дөрвөн гишүүний хойноос дахиад таван гишүүн МАХН руу явахад бэлэн байгаа гэх мэдээлэл ч байна. Гэхдээ сонгууль дөхсөн үед ийнхүү МАН дотроосоо салж, бутарч эхэлсэн нь яах аргагүй намын нэр хүндэд хүнд цохилт болж байгаа нь тодорхой. Үүнийг мэдсэн мэт сүүлийн үед МАН-ын удирдлагууд хоорондоо эв түнжин муутай байгаа гэнэ. У.Хүрэлсүх болон С.Батболд нар намын нэр хүнд унаснаас болж хоорондоо муудалцаж байгаа сурагтай. Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүх нэгэнтээ нам нь сонгуульд ялагдвал би хариуцлага хүлээнэ хэмээн цээжээ дэлдэж байсан нэгэн. Гэтэл нам нь үнэхээр ялагдах дээрээ тулаад ирсэн учраас У.Хүрэлсүх яах ийх учраа олж ядан яваа гэх “мессеж” нисч явна. Юутай ч үнэхээр МАН ялагдал хүлээвэл У.Хүрэлсүх хариуцлага хүлээх үү гэдгийг харж л байя.
Их шуурганы өмнөх нам гүм байдал гэдэг шиг АН-ынхан энэ өдрүүдэд төдийлөн улс төрийн нүүдэл, мэдэгдэл хийгээгүй байна. ҮЗХ-ны хурлаа зарлаж, мөрийн хөтөлбөрөө батлан, Аудитын газарт хянуулахаар өгөөд байгаа. Ирэх долоо хоногоос сонгуульд чухам ямар тактик барьж, хэрхэн өрсөлдөх нь нэг мөр тодорхой болох сурагтай. Түүнчлэн удахгүй ҮЗХ-ны хурлаа зарлаж, нэр дэвшигчдээ эцэслэн баталгаажуулна гэж генсек Д.Эрдэнэбат мэдэгдсэн байгаа. Юутай ч АН-ынхан ирэх сонгуульд ялна гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй байна. Хууль зүйн сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр С.Баярцогт гишүүн “Танайх тэртэй тэргүй ялагдана шүү дээ, Ц.Нямдорж оо” хэмээн итгэлтэй хэлж байсан. Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг болон бусад нэр бүхий гишүүд АН ялалт байгуулах нь тодорхой гэх мессежийг тараасаар байгаа билээ. Эерэг мессеж нийгэмд эерэг хүлээлт үүсгэж, сонгуульд АН үнэхээр ялалт байгуулахыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ эцсийн үр дүнг сонгууль болсны дараа л харах учиртай билээ. Урьдчилсан судалгаагаар бол ямар ч байсан АН-ынхан рейтингээрээ өрсөлдөгч намаасаа хавьгүй өндөр үнэлгээтэй байгаа. АН ийнхүү илүү үнэлгээтэй болсон нь тэдний хүч хөдөлмөрөөс гадна эсрэг намынх нь эвдрэл, тэмцэл гарцаагүй нөлөөтэй. Түүнчлэн Н.Энхбаяр шоронд хоригдсон ч МАН-ын хэд хэдэн гишүүн түүний орыг залгахаар МАХН руу явсан нь АН-ын хувьд сайхан мэдээ байж болох юм. МАХН буюу “гомдогсдын арми” сонгуулиар МАН-ын саналаас чамгүй ихийг “хумсалж” чадах хүмүүс билээ. Энэ нь мэдээж АН-д ашигтай. Гэхдээ АН-ынхан зөвхөн МАН-ын задралыг хараад зүгээр суусангүй. Мөрийн хөтөлбөрөө маш сайн боловсруулж, хэрэгжүүлэх боломж, эдийн засгийн үндэслэл, судалгаа зэргийг маш нарийн хийж, аудитад өгөөд байгаа гэсэн. Ер нь бол АН-ын мөрийн хөтөлбөр эсрэг намынх шигээ мөнгө үнэртсэн бус амьдралд ойр, хэрэгжих боломжтой гэж судлаачид хэлж байна. “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн үр дүн ч энэ тал дээр гарч ирсэн биз. Ард түмнээрээ хэлэлцүүлсэн юм чинь тэдэнд илүү ойр, энгийн байх нь ойлгомжтой билээ.
Гоё хоёр намын хувьд нөхцөл байдал нэг иймэрхүү байна. Харин гуравдагч хүчнийхэн болон парламентаас гаднах бусад намуудын хувьд сонгуулийн өмнө рейтингээ өсгөж авах гол арга нь Н.Энхбаяр болчихоод байна. Жижиг намууд экс Ерөнхийлөгчийг баригдсанаас хойш ээлжлэн мэдэгдэл хийсээр байгаа. Хамгийн түрүүнд ИЗНН-ынхан мэдэгдэл хийсэн бол араас нь Ногоон нам, МУНН, Монголын Либерал нам гэх мэтчилэн цуварсан. Жижиг намуудын мэдэгдэл ерөнхийдөө хоорондоо төстэй байлаа. “Н.Энхбаярыг баривчилсан нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх төлөвтэй байна. Тиймээс энэ асуудлыг анхааралдаа авч, МАХН-ын даргыг болж өгвөл суллана уу” л гэх маягтай. Н.Энхбаяр баривчлагдсан нь олон нийтийн анхаарлыг татсан чухал асуудал. Харин жижиг намууд Н.Энхбаярт хайртайдаа бус ердөө л том асуудлаар хөөцөлдөж, олон түмэнд танигдах гэж оролдож буй бололтой. Томчуултай өрсөлдөж, эн тэнцүү ярьж байж л томордог гэдэг шиг жижиг намуудын хувьд Н.Энхбаяр хамгийн том “бялуу” болоод байх шиг. Үнэндээ тэд Н.Энхбаярт хайр зарлаагүй гэдэг нь Б.Жаргалсайханы үйлдлээс тодорхой болсон. Тэрбээр Ерөнхийлөгч асныг баривчлагдахаас нь эхлээд хамт байж, санаа зовж байгаагаа илэрхийлж байсан ч эцэстээ Хамуг Монголын хөдөлмөрийн намтай эвсэхээр болсон билээ. Нөгөөтэйгүүр даргагүй болсон МАХН-ынхан ч бас нэг үеэ бодвол нам гүм болчихов. Бодвол даргыгаа яагаад ч суллаж чадахгүй гэдгээ ойлгосон юм байлгүй дээ.
Энэ удаагийн сонгууль 1990 оноос хойш анх удаа пропорцианаль элементтэй хосолсон хэлбэрээр явагдана. Сонгуулийн саналын хуудсыг автоматаар тоолох, нэр дэвшигчдийн хувийн тоглолтыг хязгаарлах, бэлэн мөнгөний амлалт өгөхгүй, бэлэг сэлт тараахгүй гэх мэт маш олон давуу тал шинэ хуульд бий. Гэхдээ энэ дундаас сонгуулийн саналын хуудсыг автоматаар тоолох асуудал иргэний цахим үнэмлэхнээс болж бүтэхгүй гэдэг нь тодорхой болчихсон. Нөгөөтэйгүүр шинэ хууль маш олон хязгаарлалттай, чамбай болсон учраас намууд энэ удаад харьцангуй болгоомжтой хандсаар байна. Өнөөг хүртэл төдийлөн сонгуулийн уур амьсгал ороогүй байгаа нь гагцхүү намуудын болгоомжлолтой л холбоотой болов уу. МАН, АН, МАХН, жижиг намууд гээд бүгд л энэ удаагийн сонгуульд болгоомжтой хандаж байна. Эцсийн үр дүнд зургадугаар сарын 29-30-ны хооронд тодрох учиртай.
Эх сурвалж: www.mminfo.mn