“Дэлхийн дизайнеруудын анхаарлыг монгол хувцас татаж Чадсан”

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

“Дэлхийн дизайнеруудын анхаарлыг монгол хувцас татаж Чадсан”

АНУ-ын
Вашингтон хотноо болсон “Washington D.C Fashion Week” загварын шоунд
оролцоод ирсэн “Монгол костюмс” төвийн дизайнер Э.Баярзултай уулзаж
ярилцлаа.

-Юуны өмнө загварын наадамд амжилттай оролцсонд баяр хүргэе.

Энэ арга хэмжээнд анх удаагаа оролцсон гэсэн. Хичнээн төрлийн загвараар оролцов?

-Нийт
дөрвөн коллекцийн 40 гаруй хувцсаар оролцсон. Монгол орноо, үндэсний
хувцсаа дэлхийд сурталчлах сайхан боломж олдсонд баяртай байгаа. 100
гаруй дизайнер цугласан нэг ёсны загварын цуглаан гэж хэлж болох
томоохон арга хэмжээ болсон. Олон нэртэй загвар өмсөгчдөөс суралцах
зүйл ч их байлаа.

-Та бүхний авч очсон хувцсыг
ихэвчлэн өнгөт арьстнууд өмссөн байна лээ. Загвар өмсөгчдөө өөрсдөө
сонгосон уу, аль эсвэл цаанаас нь санал болгодог юм байна уу?

-Зохион
байгуулагчдын зүгээс нэг л загвар өмсөгч авч очихыг зөвшөөрсөн. Тэнд
100 орчим загвар өмсөгч оролцсоны 60 нь эмэгтэй, 40 нь эрэгтэй байсан.
Эмэгтэй загвар өмсөгчдийн тал хувь нь өнгөт арьстан бүсгүйчүүд байж
таарсан л даа. Тиймээс бид тэр загвар өмсөгчдөөс сонгосон. Магадгүй
зарим хүмүүст онцгүй харагдсан байж болох юм. Дэлхийн жишигт хүрэхийн
тулд бид хүссэн хүсээгүй гадны загвар өмсөгчдөөр хувцсаа өмсүүлэх л
ёстой. Аль ч улсын загварын арга хэмжээ ийм дүрэмтэй байдаг. Өнгөт
арьстай загвар өмсөгчид манай хувцсыг өмссөнөөрөө нэг талаас шинэлэг,
содон харагдаж, хүмүүсийн анхаарлыг татаж чадсан байх талтай шүү дээ.

-Загвар өмсөгчдөд Монгол үндэсний хувцас ямар санагдсан бол. Тэд энэ талаар та нартай санал солилцож амжсан уу?

-Бүгд
мэргэжлийн өндөр ур чадвартай загвар өмсөгчид байсан. Гоо сайхны хувьд
ч төгс хүмүүс. Анх удаа Монгол үндэсний хувцас өмсч байгаа болохоор
заримд нь их таалагдсан байна лээ. Тэр тухайгаа хэлж байсан. Харин
зарим нэгэнд нь манай хувцас өмсөхөд хэцүү, малгай нь хүнд санагдсан
гэж байсан. Гэхдээ тэд манай түүх соёлыг биширсэн гэх үү дээ. Энд
оролцсон улс үндэстнүүд манай үндэсний хувцасны загварыг өндрөөр
үнэлсэнд бид сэтгэл хангалуун байгаа. Америкийн загвар өмсөгчид гэсэн
бидний хувцсыг өмсч, түүх соёлоо үндэсний хувцсаараа дамжуулан дэлхийд
сурталчилахад багагүй хувь нэмэр оруулсан гэж хэлж болно.

-Дараа, дараагийн томоохон шоунд оролцох боломж нээгдсэн гэсэн үг үү?

-Тэгэлгүй
яахав. Бид аравдугаар сарын 19-нд Нью-Йорк хотод болох “Fashion week”-д
оролцох урилгатай ирсэн. Харин оролцох эсэхээ одоогоор арай шийдээгүй
байгаа. Ер нь бол энэ удаагийн хувцас загварын цуглаан Монголын
загварын урлагийн нэрийг өндрөөр үнэлүүлж чадсан гэж мэргэжлийн хүмүүс
үзэж байгаа. Ер нь дэлхийн загвар зохион бүтээгчдийн анхаарлыг манай
загвар татаж чадсан гэж хэлж болно.

-“Washington
D.C Fashion Week”-д толилуулсан загваруудаа өмнө нь урласан байсан уу.
Эсвэл Вашингтон явахдаа зориулж бүтээсэн юм уу?

-Дизайнер
Э.Баярцэцэгийн долдугаар сард урласан хоёр шинэ коллекци орсон. Бусад
нь хуучин коллекциуд. Өмнө нь дэлхийн 30 гаруй орон оролцсон загварын
уралдаанаас саяын шоунд оролцсон “Хатдын хувцас” коллекциороо нэгдүгээр
байр, “Зоос” коллекциор хоёрдугаар байр эзэлж байсан.

-Хувцаснуудтайгаа хосолсон малгай, ээмэг зэргийг та нар өөрсдөө хийдэг үү?

-Тухайн
хувцасныхаа онцлог шинж, өнгө зэрэгт нь тохируулаад бид өөрсдөө
урладаг. Гоёл чимэглэл ч гэсэн хувцас загварын чухал детал хэсэг
болохоор загварын төгс байдалд чухал нөлөөтэй байдаг л даа.

-Заавал үндэсний хувцсаар оролцох ёстой байсан юм уу?

-Нэгэнт
“Монгол костюмс” төвийн загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулж
байгаа учир бид төвийнхөө гол гэсэн бүтээлүүдийг авч явсан. Манай төв
үндэсний хувцасны өнгө төрх, соёлыг авч үлдэх зорилготойгоор хувцас,
загварын салбарт ажиллаж байгаа учир үндэсний хувцсаараа оролцсон. Нэг
үеэ бодвол үндэсний хувцасны гоё сайхныг хүмүүс мэдэрдэг болж. Энэ нь ч
манай загвар зохион бүтээгчдэд дөхөмтэй байдаг байх.

-Монгол
үндэсний хувцсыг ихэвчлэн торгоор урладаг. Харин орчин үед биед
наалдсан нимгэн, торон материалаар ч бас дээл хийж байна. Ялангуяа
саяын наадамд оролцсон танай загваруудын дийлэнх нь тийм байсан?

-Торго
бол сайн материал. Гэхдээ орчин үед илүү дэвшилттэй зүйл хэрэглэх
ёстой. Хувцасны материал сонголтын хувьд загвар зохион бүтээгч хүний
өөрийн хүсэл сонирхол, сонголт байдаг гэх үү дээ. Нимгэн материалуудаа
тусгайлан захиалгаар хийлгэдэг. Үндэсний хувцас гэхээр л хүнд торго,
том дээл байдаг гэсэн ойлголтоос хүмүүс ч бас салж байгаа шүү дээ. Цаг
үеэ дагаад гэх үү дээ.

-Одоо ойрын
төлөвлөгөө юу байна. Ер нь бол танайхны хувьд гадаадад болж байгаа
загварын шоунд оролцох боломж нээгдэж байна шүү дээ?

-Ойрын
төлөвлөгөө гэвэл ирэх арваннэгдүгээр сард Европын орнуудаар явах
бодолтой байгаа. Бараг нэг сарын хугацаанд үргэлжлэх болов уу.

Б.Гандолгор /2008 оны 10 сарын 2/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж