Ларри Кинг: Эрх чөлөөг олсон бол алдаж болохгүй

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Ларри Кинг: Эрх чөлөөг олсон бол алдаж болохгүй

Хүний эрхийн хуульч М.Ичинноров Монголын үзэгчдэд зориулан дэлхийн ярилцлагын хаан Ларри Кингтэй хийсэн ярилцлагаас та бүхэнд хүргэж байна.

М. Ичинноров: Сайн байна уу? Юуны өмнө миний урилгыг хүлээн авч ярилцлага өгөхөөр надтай хамт байгаад маш их баярлалаа.

Ларри Кинг: Надад ч гэсэн таньтай хамт байгаа нь таатай байна.

М.И: Ярилцлагын хаан Ларри Кингтэй ярилцах завшаан тохиолдсон нь миний хувьд онцгой үйл явдал юм. Маш их баярлалаа танд.

Л.К: Амжилт хүсье Нора

М.И: Би ярилцлагаа танаас хамгийн хэцүү асуултаас эхэлж асуумаар санагдаж байна л даа. 

Л.К: Юу хүссэнээ л асуу Нора.

М.И:  Бид өчигдөр Жим Рожерс энэ талаар их сонирхолтой зүйл ярихыг сонссон.  \Жим Рожерс бол дэлхийд алдартай, үнэт цаасны зах зээл дэх хөрөнгө оруулагчдын нэг юм\. Түүний хувьд амьдралынхаа сүүлийн жилүүдэд хоёр хөөрхөн охинтой болсон нь амьдралаас авсан хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж бидэнд хэлсэн юм. Тэгэхээр таны хувьд амьралаас сурсан хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ?

Л.К: Би гурван том хүүхэдтэй, хоёр жоохон хүүтэй мөн дагавар хүүхдүүдтэй. Гэхдээ би үнэ цэнэ гэж юу болох талаар сайн мэдэхгүй байна. Миний эрхэлж байгаа энэ ажил, бизнесийн хувьд амьдралаас суралцсан гол зүйл бол бусдыг сонсох. Гэхдээ би өөрөө ярьж байхдаа биш харин хүмүүстэй ярилцаж, тэднийг сонсож байхдаа л амьдралаас хамгийн их зүйлийг суралцдаг.  Би хүнийг сонссоор байгаад өөрийн карьерээ хийсэн хүн. Би хүүхэд байхаасаа л хүмүүсийг сонссоор ирсэн. Би дахиад хэлье би өөрөө ярьж байхдаа биш харин тэднийг сонсож байхдаа л амьдралын үнэ цэнийг мэдэрч байсан.

 М.И: Янз бүрийн ажил мэргэжил боловсрол, амьдралын туршлагатай хүмүүстэй ярилцаж байна гэдэг нь таны хувьд бүхэл бүтэн ном уншиж буйтай адил зүйл байдаг байх даа гэж би боддог шүү. 

Л.К:  Тэгэлгүй яахав. Амьдрал бол дэлгээтэй ном. Хүмүүсийн амьдрал ч тийм. Бид  бол уншиж судалж туршлага хуримтлуулдаг.  Хүнтэй ярилцлага хийхээсээ өмнө бид тэр хүний тухай уншиж судлаад илүү мэдээлэл олж авсан байдаг. Амьдралдаа бид насан туршдаа суралцдаг. Нора чи монголд өглөө эрт босоод радиогоо асаагаад цаг агаарын мэдээ сонсдог биздээ.

М.И:  Тэгэлгүй яахав.

Л. К: Энэ чинь л амьдралаас суралцаж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр сонсож, ярилцсаар бид амьралаас суралцаж байгаа юм. Энэ үнэхээр амьдралын үнэ цэнэтэй зүйл юм.

М.И:  Энэ их үнэ цэнэтэй сургамж юм. Та бол зөвхөн шоубизнесийн хүн биш, үүнээс гадна та хөрөнгө оруулагч, бизнесмэн мөн үү?

Л.К: Үгүй ээ, би үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй, би бол бизнесмэн биш. Би уул уурхайн талаар сайн мэдэхгүй. Надад уул уурхай сонирхолтой биш, харин надад хүмүүс илүү сонирхолтой.  Надад бие төлөөлөгчид, бизнес менежерүүд, хуульчид бий. Тэд гэрээ контракт хийж үйл ажиллагааг минь авч явдаг. Харин энэ зүйлд л би дуртай \камера руу заав\. Би энэ амьдралдаа дуртай.

М.И:  Та камерын дуранд байх дуртай, энэ таны дуртай ажил.  Тэгэхээр бизнес таны гал халуун хүсэл эрмэлзлэл биш, харин шоубизнес таны хувьд амьдралын гал халуун хүсэл тэмүүлэл байна. Тийм үү?

Л.К: Тэгэлгүй яахав. Би камера, ТВ, радио, хошин урлаг, харилцаанд дуртай. Би бол харилцагч хүн. Миний гол ажил бол хүмүүстэй харилцах харилцаа шүү дээ.
 
М.И: Үнэхээр тийм шүү. Та хүмүүстэй харилцахдаа байгалаасаа авьаслаг, заяамал санагддаг. Одоо миний танаас асуух асуултыг би төдийгүй, манай Монголын үзэгчид маш их сонирхож байгаа. Таны ток шоуг чухамхүү юу тийм их амжилтанд хүргэсэн гэж та үздэг вэ? Бид таныг ийм зүйл хийхээр төрсөн гэдгийг мэднэ л дээ.

Л.К: Энэ бол хариулахад хамгийн хэцүү асуулт юм. Ер нь бол цаг хугацааны зүйл гэхүү дээ. Цаг хугацаа их чухал хүчин зүйл юм. Анх кабел гэдэг зүйл төрж байхад, мөн анхны шууд ярилцлага гарч эхэлж байхад би үүнийг анх хийсэн.

М.И: Та бол анхдагч гэсэн үг.

Л.К: Тиймээ. Ер нь өөрийнхөө тухай дүгнэж хэлэхэд хэцүү юм. Гол нь би цаг хугацааг сайн мэдэрдэг, бас хурдыг. Би хүнтэй сайн харилцаж чаддагаа мэднэ л дээ. Гэхдээ, хамгийн гол нь би хаанаас гарал үүсэлтэйгээ мартдаггүй. Би коллежид сурч үзээгүй. Би өөрийгөө оюунлаг нэгэн гэж хэлэхгүй. Харин би гудамжинд зогсоод гудамжинд яваа хэнтэй ч өөрийгөө зүйрлэж чадна. “Нью Ёркор” сэтгүүл намайг нэг удаа “гудамжны асуулт асуугч” гэж бичсэн байсан. Үнэн шүү. Би анх гараагаа эхэлж байхдаа гудамжинд зогсоод хотын даргаас авахуулаад рестораны зөөгч, хуульч, улс  төрч, балетын жүжигчин гээд хэнтэй ч хүртэл ярилцлага хийдэг байсан.  Тэдгээр хүмүүсийг хараад би энэ хүнд яг ийм л асуулт тавина даа гэж би өөрийн эрхгүй боддог. Намайг гудамжинд зогсоод хүмүүсээс асуулт асууж байхад би Хаан байгаагүй, би зүгээр л Ларри байсан. 

М.И: Та надад энэ зүйлийн талаар ярьж байхад надад нэг зүйл бодогдлоо л доо. Ер нь хүн юу хийхээр төрсөнөө мэдсэн үед л түүний дотор тэр ажлаа хийх гал дүрэлзэж, хүсэл тэмүүлэл төрж байдаг бөгөөд тэр цагт тэр хүн амжилтын араас хөөцөлдөх биш амжилт түүнийг өөрийн эрхгүй дагадаг юм болов уу гэж боддог.
 
Л.К:  Энэ бас юу гээч? Энэ бол "аз" юм.

М.И: Аз аа?  Тийм шүү.

Л.К: Холливудын алдарт жүжигчин Паул Ньеман нэгэн удаа надтай ярилцаж байхдаа нэр алдарт хүрсэн хэн ч өөрсдийн амьдралын тухай ярьж байхдаа "аз, азтай байх" гэсэн үгийг хэргэлдэггүй нь  тэд өөрсдийгөө  хуурч байна гэж хэлсэн.  Аз олон зүйлийг тодорхойлдог.  Би энэ зүйлийг хийж амьдрах хүсэл мөрөөдөлтэй төрсөндөө азтай юм. Би зүгээр л нэг өдөр босоод би шоу бизнест амьдрах хүсэл мөрөөдөлтэй болмоор байна гэж хүсээгүй. Би зүгээр л ингэж амьдрахаар л төрсөн, хаанаас ирсэн гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ л би ийм хүсэл мөрөөдөлтэй төрсөндөө үнэхээр их азтай хүн.  Тэхээр амжилт гэдэг нь тухайн ажлаа хийх гал халуун хүсэл тэмүүлэл, аз хоёрын харилцан хамаарал юм.

М.И: Гайхалтай. Миний хувьд энд таньтай ярилцаад сууж байгаа маань үнэхээрийн аз шүү. 

Л.К:  Баяраллаа Нора

М.И:  Би монголын үзэгчдэд зориулан таньтай энэ ярилцлагаа хийж байгаа юм. Таны хувьд Монгол гэхээр чухам юу хамгийн түрүүнд санаанд чинь буудаг вэ? 

Л.К:  Хамгийн түрүүнд Ази санаанд ордог. 

М.И:  Та газар зүйн талаас нь эхлээд бодож байна. Тийм үү?

Л.К: Тийм ээ, би газарзүйн талаас нь хэлж байна л даа. Би  Монголд хэзээ ч очиж байгаагүй. Магадгүй нэг өдөр очно гэж найдаж байна. Би Монголын талаар гүнзгий судалж байгаагүй. Монголын тухай бодоход юуны түрүүн дайн байлдаан, эр зоригийн тухай санаанд буудаг.  Хэрвээ би тэнд очих юм бол монголчууд юу хийдэг, ямар соёлтой, итгэл үнэмшил, шашин шүтлэг нь юу болох, гэр бүлийн амьдрал гээд бүх зүйлийн талаар сонирхож, ярилцах байх. Ингэхэд Монголчууд өнөр өтгөн гэр бүлтэй  байдаг уу? .

М.И:  Одоо та надаас асуулт асуугаад эхэллээ. \инээв\

Л.К:  Тийм ээ, энэ чинь л амьдралын суралцах нэг процесс шүү дээ. Би шинэ газруудад очиж, шинэ зүйлийн талаар таньж мэдэх хүсэл мөрөөдөлтэй. Энэ бол шинэ зүйлийг суралцаж буй нэг үйл явц шүү дээ.

М.И:  Та 60,000 хүнтэй ярилцлага хийсэн юм байна. Энэ олон хүмүүсийн дундаас хэдэн төрийн тэргүүнтэй та ярилцлага хийж байсан бэ?

Л.И:  Би үнэхээр хариулж чадахгүй. Магадгүй 100 гаран байх. Би 54 жилийн туршид, бүр CNN-д байхаас ч өмнө, мөн радиогоор ярилцлагууд хийдэг байсан учраас үүнийг яг тэд гэж хэлэх бараг боломжгүй юм.

М.И: Та харин монголын төрийн тэргүүнүүдээс нэг ч хүнтэй ярилцлага хийгээгүйг бид мэднэ.

Л. К:  Тийм шүү. Харин чамайг төрийн өндөр албанд очвол би дуртайяа ярилцлага авна шүү.

М.И: Баярлалаа. Та тэгээрэй. 

Л.К: Одоо монголын төрийн удирдагч хэн бэ?

М.И: Монгол улсын Ерөнхий сайдаар С.Батболд, Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байгаа.

Л.К:  Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчөөсөө илүү эрх мэдэлтэй юу?

М.И: Тийм. Хуулиараа бол Ерөнхий сайд нь илүү эрх мэдэлтэй. Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлдэг юм.

Л.К: Танайх хууль ёсны Парламенттай биздээ.

М.И:Тиймээ. Манайх хууль тогтоох байгууллага болох  Парламент, бас Ерөнхийлөгчтэй.

Л.К: Парламентын хоёр танхим байдаг уу?

М.И: Үгүй ээ, нэг л танхимтай.  

Л.К: Зарим орнуудад Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаасаа давуу эрхтэй байдаг ш дээ.

М.И:  Тиймээ.  Гэхдээ энэ асуудалд манайд янз бүрийн байр сууринаас ханддаг.  Монголд парламент, засгийн газар, шүүх засаглал гээд засаглалын балансыг хадгалдаг зарчимтай тогтолцоо уг нь байдаг л даа.

Л.К: Танай орон ардчилсан системтэй болоод хэдэн жил болж байгаа вэ?

М.И: Та надаас асуулт асуугаад та бид хоёрын байр өөрчлөгдөөд.

Л.К: Тийм шүү. Харж байна уу?

М.И:  Та үнэхээр гоё энгийн хүн юмаа.

М.И: Саяхан та Казакстанд хөрөнгө оруулалтын уулзалтанд орж  ярилцлага удирдаж байсан. Тэр ярилцлаганд төрийн тэргүүнүүд нь оролцож байсан. Монгол улсын хувьд хөгжиж буй зах зээлтэй, манай улсад одоо уул уурхай асар хурдацтай хөгжиж байна. Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэг болоод байна, хүн бүр л Монгол улсыг сонирхож байна. Та ярилцлагын эхэнд Монголд очиж магадгүй гэж хэлж байсан . Хэрвээ та очих юм бол би танд туслана, энэ ярилцлагаараа дамжуулан Монголын үзэгчдийн өмнөөс таныг би манай улсад айлчлан очихыг урьж байна.

Л.К: Надад таатай байх болно. Би урилгыг чинь хүлээн авлаа. Хөгжиж буй орнуудад айлчлах би дуртай. Казакстан бол хамгийн тод жишээ. Хүмүүсийн хөгжиж байгааг харах сайхан байдаг. Та бүхэн ардчилалын үр шимийг нэг л удаа амссан бол?

М.И: Тийм ээ, ардчлалаас ухрана гэсэн ойлголт байхгүй.

Л. К: Эрх чөлөөг нэг л удаа олсон бол түүнийг алдаж болохгүй. Монголын залуу улс төрч бүр, мөн энэ шоуг үзэж байгаа 18,19 настай залуучууд Монгол улсыг хөгжүүлэхийн төлөө хөдөлмөрлөх ёстой, харин хоосон уриа лоозон хэрэггүй.  Маш олон улс төрчид өөрсдийгөө хүмүүсийн төлөө үйлчлэх ёстой гэдгээ мартдаг.  Хэрвээ тэд ард иргэдийнхээ төлөө биш бол ард иргэд ч мөн тэднийг хүсэхгүй шүү дээ.

М.И: Тиймээ энэ бол маш чухал асуудал. Хөгжиж буй эдийн засагтай улс орны хувьд, тэр тусмаа хуучин социалист дэглэмтэй манайх шиг улс орны хувьд  эдийн засаг нь хөгжихийн хэрээр нийгэм дэх баян хоосны ялгаа дэндүү их өргөжин тэлж байгаа юм.

Л.К: Энэ бол маш харамсалтай зүйл.

М.И: Би эргээд таны мэргэжилтэй холбоотой асуултууд асуумаар байна.  Миний мэдэхээр та дандаа ВИП хүмүүстэй ярилцага хийж байсан, улс төрчид, төрийн тэргүүнүүд, урлаг, спортын одууд гээд. Та жирийн иргэдтэй бас ярилцлага хийдэг байсан.

Л.К: Зөндөө олон удаа.  Анх удаа нэгэн рестранд шоугаа хийдэг байлаа. Тэхэд би тэнд хоол идэхээр ирсэн жирийн иргэд, зөөгч , гудамжинд явж байгаа хүмүүс, худалдаачин гээд маш олон хүнтэй ярилцдаг байсан. Би мөн тэр үед Америкийн үндэсний радиод анхны ток шоу хөтөлдөг байсан.  Үүнийг хийж байхдаа би өдөр бүр бүх л өдрийн турш жирийн иргэдтэй  утсаар холбогдож, би тэднээс асуулт асууж, тэд надаас асуулт асуудаг байсан. Би тэднээс маш их зүйлийг сурсан. Америкийн алдартай зохиолч Станд Тиркет гэдэг хүн “ер нь би байшингийн эзнээс нь илүүтэй тухайн байшингийн цахилгаан шатыг ажиллуулагчаас л ихийг сурдаг” гэж хэлж байсан. Энэ үнэн үг шүү. Мэдээж Ларри Кингийн шоу дэлхий даяар алдартай болоход алдартай, нэр хүндтэй хүмүүсийн ач бий дээ. Би бас жирийн иргэдтэй ярилцдаг. Хүнд хэцүү байдал тохиолдсон хүмүүстэй, хайртай хүнээ алдсан нэгэнтэй ярилцаж зовлонг нь хуваалцаж байсан. Үр хүүхдээ алдсан эцэг эхтэй ярилцах нь хэн нэгэн төрийн тэргүүнтэй ярилцахаас ч хамаагүй хүнд шүү.

М.И: Өөрийгөө хамгийн чухал хэмээн боддог ихэмсэг нэгэнтэй ярилцахдаа та юу мэдэрдэг вэ, тэдэнтэй та хэрхэн харилцдаг вэ?

Л.К:  Тийм хүнтэй ярихад асуултаа бага асууж, их сонсох хэрэгтэй. Би үзэгчдэд тэр хүнийг өөрийнхөөрөө ойлгох боломжийг олгодог.

М.И: Тэгэхээр та үзэгчдэд өөрийнхөөрөө дүгнэлтээ хийх  боломжийг олгодог гэсэн үг үү?

Л.К : Тийм ээ би үүнийг л хийнэ. Би бол зүгээр холбогч шүү дээ. Үзэгчийг тухайн хүнтэй холбогч гүүр нь гэсэн үг. Миний үзэл бодол тийм ч чухал биш. Харин би "би" гэдэг үгийг маш бага хэргэлдэг. Ер нь үзэгчид өөрсдөө дүгнэлтээ хийдэг. Заримдаа бас хүмүүстэй ярьж байхдаа халаад маргалдах үе бас гарна л даа. Аргагүй шүү дээ. Энэ ажлыг бүр 55 жил хийж байгаа юм бинь. Гэхдээ хүмүүс маргаанаас нэг их юм сурахгүй байхаа. Маргаан мэдээж хөгжилтэй, сонирхолтой байж болох юм.   Хамгийн гол нь зөв асуулттай, зөв хариулттай мэдлэг мэдээлэл олгосон ярианаас хүн илүү ихийг мэдэж авдаг.

М.И: Та өөрийнхөө ард түмэн, улс орондоо ашиг тус гэхээсээ гай тарьсан тийм удирдагчидтай ярьж байхдаа юу мэдэрдэг байсан бэ?

Л.К: Би Кадафитай ярилцлага хийж байсан. Ер нь дарангуйлагч хүн бол өөрийгөө дарангуйлагч гэж боддоггүй. Хүмүүс толинд хараад өөрийгөө би муу хүн гэж хэлдэггүй биз дээ. Кадафи өөрийгөө улс орондоо сайн, хэрэгтэй хүн л гэж бодож байсан, сайныг хийсэн гэж бодож байсан. Би түүнийг та дарангуйлагч гээд өөрдөөс нь хараад хэлээд хаана ч очихгүй шүү дээ. Муу хүнийг чи муу хүн гэж хэлдэггүй. Би Ираны ерөнхийлөгчтэй ярилцлага хийж байсан. Тэр харин хэцүү байсан шүү.  Миний бодол бол бусад хүний бодол биш. Би бол зүгээр л холбогч шүү дээ.

М.И: Ларри маш их баярлалаа. Бид ярилцлагынхаа эхэнд азын тухай ярьсан. Би тантай хамт ярилцсандаа маш өөрийгөө маш их азтайд тооцож байнаа.   Ларри, маш их баярлалаа.

Л.К: Баярлалаа Нора. Норатай xамт байгаа үзэгч та азтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж