”Халдварт өвчний 60 хувийг Улаанбаатар хот эзэлдэг”

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

”Халдварт өвчний 60 хувийг Улаанбаатар хот эзэлдэг”

Удаан хугацаанд хадгалагдсан, лаазалсан хүнсний зүйлээс болж жилийн жилд гэдэсний халдварт өвчин ихэсч, эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлдэг. Одоо энэ өвчний ид дэгдэлт эхэлж байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасантай ярилцлаа.

Гэдэсний халдварт өвчний ид дэгдэлт хэдий хугацаанд үргэлжилдэг вэ?
-Манай ХӨСҮТ-д бүртгэгдэж байгаа халдварт өвчнүүдийн дотор арваад төрлийн өвчин нь гэдэсний замын халдвар гэж бүртгэгддэг. Улирлын чанартай энэ өвчний одоо ид халдварын үе эхэлж байна. Өөрөөр хэлбэл дөрөв тавдугаар сараас намрын ес, аравдугаар cap хүртэл үргэлжилдэг. Зарим нь он дуустал үргэлжлэх нь ч бий. Энэ өвчин вирусын гепатит "А", цусан суулга, балнад, гэдэсний хижиг, хоолны хордлого, суулгац халдварууд зонхилж халддаг. Дулааны улиралд ихэсдэг.


-Энэ өвчний гол түгээгч нь юу вэ?

-Орчны ариун цэвэр, ялангуяа хөрс ус, агаарын бохирдол илүү нөлөөлдөг. Тийм учраас манайд улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа халдварт өвчний олон жилийн дунджаас харахад 60 орчим хувь нь Улаанбаатар хогноос бүртгэгддэг юм. Тэгээд хөдөө орон нутагт гарч байгаа дээрх өвчний тал хувийг аймгийн төвүүд эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүн ам олноор суурьшсан нягтрал ихтэй газар л энэ өвчин зонхилж байгаа юм. Эдгээр нягтрал ихтэй газар үйлчилгээ явуулж байгаа үйлчилгээний байгууллагуудын ачаалал ч их байдаг. Энэ бүгдтэй холбоотой орчин бохирддог. Энэ нь хөрс, ус, агаар, хүнс хүмүүсийн харьцаж байгаа эд юмс бохирдсонтой холбоотойгоор улирлын чанартай гэдэсний халдварт өвчин ихсэх хандлагатай байна.

-Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Гэдэсний замын халдвар хүний биед эргэж ордог гол зам хүний гар байгаа юм. Гар хүрч байгаа юм болгоноосоо бохирддог. Ер нь гэдэсний замын халдварын нянгууд ихэвчлэн өвчилсөн халдвар авсан хүний өтгөнөөр ихэвчлэн гардаг. Ингэж ялгарч гарсаны дараа гадна орчинд гараад өвчин үүсгэх чадвараа алдаагүй байхдаа эргээд хүний биед ямар нэг байдлаар ордог юм. Үүнтэй холбогдуулан хүмүүс орчныхоо ариун цэврийг илүү сайн байлгаж, ариун цэвэр, соёлжилтоо дээшлүүлэх хэрэгтэй. Юуны түрүүнд гараа тогтмол угааж занших нь чухал.

Ер нь манайд өвчилж байгаа хүмүүсийн 70 орчим хувь нь бага насны хүүхэд юм. Хоёрдугаарт усыг маш сайн буцалгаж уух хэрэгтэй. Крант, булаг, голын ч бай аль ч усыг буцалгаж уух хэрэгтэй. Яагаад гэвэл гадаад орчин бохирдол ихтэй байгаа учраас усаар дамжин халдвар авах магадлал маш өндөр байдаг. Дээр нь хүнсний зүйл юм. Тийм учраас найдвартай зөвшөөрөлтэй газруудаас хүнсний зүйлээ худалдаж авах нь зүйтэй. Тодорхой хариуцах эзэнгүй, явуулын гар дээрээс худалдаж авч байгаа хүнсний зүйл хамгийн аюултай.

Тухайлбал хэдэн хүн хоолны хордлого тусаад хаанаас хоол унд авч идсэн гэхэд гудамжинд хуушуур зарж байсан хүнээс авсан гэдэг. Тэгээд шалгах гээд очтол мэдээж тэр хүн тэндээ өдөржин зогсоод байна гэж байхгүй шүү дээ. Дахиад л өөр газар очиж зараад бас л хэдэн хүн хордуулдгаараа хамгийн аюултай. Бас авч байгаа зүйлийнхээ хугацааг хаана хадгалдгийг нь мэдэж хянаж болгоомжтой худалдан авах нь зүйтэй. Ингэсэн нөхцөлд гэдэсний халдвар гарах нь харьцангуй бага.

-Улирлын чанартай энэхүү өвчнөөс танай эмнэлэг хэрхэн урьдчилан сэргийлдэг вэ?
-Урьдчилан сэргийлэх зорилгоор балнадын тарилга, цусан суулгын нян залгиур зэрэг зүйлүүд байдаг. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилчид өөрсдөө сайн дураар эрүүл мэндийн үзлэгт ороод, хяналтанд ороод, эрүүлжээд байвал цаашдаа халдвар тараах эрсдэл бага. Мөн хуурай хог хаягдал, бохир зүйлээ аль болох ил задгай хаяхгүй байх хэрэгтэй.

Тухайлбал автобусанд суугаад уусан ундаа, чихрийнхээ цаасыг хогийн саванд хийхгүй мөн ил задгай нус цэрээ хаяж бие засах юм бол эргээд халдвар тээнэ. Эндээс урьдчилан сэргийлж чадвал аль ч халдварт өвчнүүд багасна. ДЭМБ-аас хүн гараа угаагаад хэвшчихвэл гэдэсний замын халдварт өвчнийг 70 хувь бууруулж болно гэсэн зөвлөмж гарсан.

Гэтэл манайхан энэ зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлж чаддаггүй. Ойролцоогоор долоо, найман мянган гэдэсний замын халдвар гарч байгаа юм. Өнгөрсөн жил гэхэд 14 мянган А гепатитаар өвчилсөн. Тийм учраас хувийн ариун цэвэр дээрээ анхаарч, эрүүл аж төрөх ёсоо сайжруулж хэвших нь чухал юм. Ийм нөхцөлд хот соёлтой, цэвэрхэн, хүмүүсийн амьдрал аз
жаргалтай сайн сайхан байх боломжтой.


Д.ГЭРЭЛТ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж