“Лондон-2012” зуны олимпийн наадмын ширээний теннисний төрөлд олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээн тавдугаар сарын 10-13-нд Катарын нийслэл Доха хотноо болно. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 116 тамирчин өрсөлдөх бөгөөд төрөл тус бүрт эхний хоёр байрт шалгарсан тамирчдад Лондонгийн олимпийн эрх олгох юм. Олимпийн эрх олгох тивийн тэмцээнүүд өндөрлөсөн тул шууд эрхээ авч буй тамирчдын нэрс хэдийнэ тодроод байгаа юм. Тодруулбал, нийт 68 тамирчин Лондонгийн олимпийн одон бөмбөгийн тэмцээнд өрсөлдөх эрхээ өвөртлөөд буй. Харин Доха хотноо болох тэмцээн нь дэлхийн одон бөмбөгчдийн сүүлчийн боломж байх юм.
Тэгвэл, тус тэмцээний шүүх бүрэлдэхүүнд нийт 15 улсын 24 шүүгч ажиллах бөгөөд тэдгээрийн нэг нь Монгол Улсын шүүгч Э.Мөнхбилэг юм байна. 2010 онд Сингапурт болсон өсвөрийн олимпийн наадмын шүүгчээр ажиллаж, улмаар ДАШТ, олон улсын нээлттэй тэмцээн гээд олон улс, тив, дэлхийн чанартай дээд төвшний олон тэмцээн шүүж байсан туршлагатай Э.Мөнхбилэг нь Монголын ширээний теннисний спортын анхны олон улсын шүүгч юм.
С.Цэлмэг